by

Б.Гантулга: Энэ Засгийн газар, эрх баригчдын түүхэнд дурсагдан үлдэх гавьяа нь тэтгэврийн шинэчлэл байх болно 2020-10-31

Б.Гантулга

Эдийн засагч, “Ард Лайф” компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.

-Бид иргэн баян бол улс баян гэж тунхаглаад чөлөөт эдийн засаг, ардчилсан нийгэмд шилжээд 30 жилийг ардаа үлдлээ. Энэ 30 жилийн хугацаанд иргэн баян болсон уу?

-Төр засаг иргэдээ баян, хөрөнгөтэй болгох гэж, баялгийн тэгш хуваарилалтыг хийх гэж бэлэн мөнгө тарааж үзлээ, хувьцаа, хишиг тарааж үзлээ гэвч эргээд харахад энэ бүхэн оновчтой байсангүй. Нэг дор бэлэн мөнгө тараахаар долоо хоног хүргэхгүй үрээд дуусгадаг, тогтмол бэлэн мөнгө тараахаар ажил хийхээ больчихдог.

Хувьцаа тарааж үзсэн, иргэд тараасан хувьцааг зардаг бэлэн мөнгө болгодог, эргээд бэлэн мөнгө тарааснаас өөрцгүй болгож орхидог. Хувьцаа тараасан түүхийг бид 1990 онд ч туулсан байдаг. Нэг нийгмээс нөгөө рүү шилжих үед их хувьчлал хийгдсэн. Социализмаар замнасан 70 жилд бий болгосон үндэсний баялаг, хөрөнгөө иргэн бүрд хувьчлахдаа цэнхэр, ягаан тасалбар тараасан. Харин тэр тасалбаруудын үнэ цэнийг мэдэрч, ойлгож, хадгалсан нь, цуглуулсан нь тун цөөн. Иргэдийн бараг 95 хувь нь тухайн үед тасалбаруудаа зарсан байдаг. Мэдлэгтэй, мэдээлэлд ойр, сэргэлэн 5 хувь нь тухайн үед үнэ мөнгийг нь төлөөд л цуглуулаад, хадгалаад авсан байдаг. Харин одоо 30 жилийн дараа хувьчлал шударга бус явагдсан, ард иргэдээ хуурсан гэх мэтчилэн ярьдгийг та сонссон л байх. Хэдэн жилийн өмнө 1072 хувьцаа иргэдэд тараасан гэвч арилжаа нь эхэлж, нээлттэй компани болоогүй байхад л иргэд хувьцаагаа зарах гэж энэ тэрүүгээр боломж хайж явж байгаа. 1990 онд тараасан хувьцааг 95 хувь нь зарсан бол энэ удаад 60 хувь нь зарах бодолтой байна гэсэн судалгаа байна. Яахав 30 жилийн хугацаанд хувьцааны үнэ цэнийг ойлгодог иргэдийн тоо нэмэгдсэн байна, зарах сонирхолтой иргэдийн тоо буурсан нь сайн. Гэхдээ энэ хувь үүнээс цааш доош буухгүй. Энэ нь хүүхэд бүрийг математикийн хичээлд дуртай болгож, хүн бүрийг эдийн засагч болгоно гэснээс ялгаагүй утгагүй зүйл болно. Магадгүй нийт иргэдийн 40 хувь нь санхүүгийн мэдлэг, боловсролтой байж болох юм. Цааш унших