Монгол Шуудан (MSE: MNP)
1921 оны 7 дугаар сарын 19-нд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор Монгол улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан нь одоогийн “Монгол Шуудан” ХК юм.
Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 Шуудангийн үйлчилгээний газар, 330 сум болон Улаанбаатар хотын 38 Шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 900 гаруй ажиллагсадтайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна.
Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын шууданг 7 хоногт 3-6 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 2-4 удаа, сумаас 1200 гаруй багт 7 хоногт 1 удаа хүргэхээс гадна дэлхийн 200 гаруй улс оронтой, түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу буухиа шууданг 38 оронтой солилцож байна. Бид 30 гаруй мянган шуудангийн хайрцаг эзэмшигч, 200 мянга гаруй хэвлэл захиалагч, 10000-иад албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж, жилдээ 10 сая гаруй ширхэг бичиг захидал, илгээлт, хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэж гардуулдаг.