by

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ 2020-10-24

 

Хүндэт хувьцаа эзэмшигчид ээ!

Ард Санхүүгийн Нэгдэл болон манай хөрөнгө оруулалттай Ард Кредит, Ард Даатгал, Ард Лайф компаниуд 2020 оны III улирлын тайлангаа 10 сарын 23-нд олон нийтэд болон мэргэжлийн оролцогчдод амжилттай танилцууллаа. 

Цар тахлын үед бидний ажлын орчин асар хурдацтай өөрчлөгдөж байна, цаашид ч мөн бидний амьдралын хэв маяг, нийгмийн харилцаанд их өөрчлөлтүүд гарах болов уу. Бизнес явуулдаг арга хэлбэр шинэчлэгдэж, бид тайлан танилцуулах, хурал зохион байгуулах ажлаа цахимаар хийж даджээ. Үүний нэг илрэл нь энэ удаагийн тайлан танилцуулах арга хэмжээ байлаа.

Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвлөмжийн дагуу манай хувьцаат компаниуд болох Ард Кредит, Ард Даатгал, Ард Санхүүгийн Нэгдэл нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа энэ оны 4 дүгээр сард цахимаар амжилттай зохион байгуулж, хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашгаа хуваарилсан билээ. Энэ онцгой цаг үед Ард Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 3 дугаар сараас эхлэн сар бүр хуралдаж компанийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байгаа юм.

Ард Кредит 2020 оны III улиралд зээлийн дүрмээ чангатгаж, багцын чанарт анхаарлаа хандуулж ажиллав. Энэ жил хувьцаа‌ ‌эзэмшигчдийн тоо 2,034-т хүрч,‌ ‌нийт‌ ‌хөрөнгө‌ ‌25.6 тэрбум‌ ‌төгрөгт‌ ‌хүрч,‌ ‌давхардсан‌ ‌тоогоор‌ ‌63 ‌тэрбум‌ ‌төгрөгийн‌ ‌онлайн‌ ‌зээлийг‌ 119,000‌ ‌гаруй‌ зээлдэгчдэд‌ ‌олгож,‌ ‌20‌.2 ‌тэрбум‌ ‌төгрөгийн‌ ‌зээлийн‌ ‌багцтай,‌ ‌325‌ ‌сая‌ ‌төгрөгийн‌ ‌цэвэр‌ ‌ашигтай‌ ‌ажилласан‌ ‌байна.‌ ‌ ‌

Ард Даатгал 2020 оны III улиралд компанийн нийт хөрөнгө 23.7 тэрбум төгрөгт хүрч, түүхэн дээд орлого болох хураамжийн орлого  10.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн, 3.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг харилцагч даатгуулагч нартаа олгож, 889 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 

Ард Лайф өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагатай хамтран ажиллаж, ажиллагсдад нь тэтгэврийн хуримтлал бий болгохын зэрэгцээ хувь хүмүүст ч үйлчилгээгээ санал болгон, даруй 1,700 харилцагчтай болсон байна. Ард Санхүүгийн Нэгдэл болон Ард Лайфын зүгээс Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлд манлайлан оролцож, өөрчлөлт шинэчлэл хийхийг уухайлан дэмжихийн сацуу иргэд, харилцагч та бүхнийг энэ ажлын ач холбогдлыг сайтар ойлгон, хамтран ажиллахыг уриалж байна. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2020 онд хөрөнгө оруулалттай компаниудаасаа нийт 2.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүлээн авсан бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл нь 4,234 хувьцаа эзэмшигчдэдээ 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилсан. Санхүүгийн зах зээлийн идэвх суларч, зах зээл унаснаар хөрөнгө оруулалтын багцын үнэлгээ 60.8 тэрбум төгрөгт хүрэхэд нөлөөлөв. Цар тахал намжиж, санхүүгийн зах зээл сэргэнэ гэдэгт бид бүрэн итгэж байна. Мөн цар тахлын үед бэлэн мөнгөний үлдэгдлийг нэмэгдүүлэх, зардлын хэмжээг бууруулах, эх үүсвэрийн өртөг болон хэмжээг тогтвортой байлгах, зээлийн багцын чанарыг сайжруулах зэрэг бодлогыг баримтлан компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, ашгийн хэмжээг боломжит өндөр түвшинд барин ажиллаж байна.

Энэ цаг үед та бүхэн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа онцгойлон анхаарахыг дахин сануулахын ялдамд Ардынхаа үйлчилгээг Ард Аппаараа авч хэвшихийг хүсье.

Хүндэтгэсэн,

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал

Хутагт овогтой Чулууны Ганхуяг