by

Ард Санхүүгийн Нэгдэл I улирлын тайлангаа танилцуулж байна 2021-04-20

photo_2021-04-20_14-40-39

Хувьцаа эзэмшигч, харилцагч, түнш, хамтран зүтгэгч та бүхэндээ Ард Санхүүгийн Нэгдлийн (Ард) 2021 оны I улирлын үр дүнг тайлагнаж байгааг хүлээн авна уу. 

Ард, түүний хөрөнгө оруулалттай компаниуд болох Ард Даатгал, Ард Кредит, Ард Лайф, Үндэсний Хувьчлалын Сан (ХОС) нь I улирлын тайлангаа 4 сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд амжилттай танилцуулж дууслаа.

photo_2021-04-20_14-43-49

2021 оны I улирлын байдлаар Ард Апп хэрэглэгчдийн тоо 1.1 саяд хүрсэн нь манай компанийг Монголын хамгийн олон харилцагчтай компаниудын нэг болголоо. Ардтай холбоотой компаниудын нийт хувьцаа эзэмшигчдийн тоо оны эхэнд 12,656 байсан бол бид 57,940 хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдыг нэгтгэж өнөр олуулаа боллоо. Компаниудаас дурдвал, Ард Даатгалын даатгуулагчийн тоо 166 мянгаас 226 мянга болж 36 хувийн өсөлт үзүүлжээ. Ард Секюритизын үнэт цаасны данс эзэмшигчдийн тоо 89 мянгаас 117 мянга болж 31 хувийн өсөлт үзүүлж, нийт 16.8 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Ард Кредитын хувьд 39 мянган зээлдэгчдэд 9.2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол Ард Лайфын харилцагчдын тоо 11 мянгаас 25 мянгын босгыг давж 127 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ард Активд 2.9 тэрбум төгрөгийн хуримтлал шинээр нэмэгджээ. Ирээдүйдээ хөрөнгө оруулсан эрхэм харилцагч та бүхэндээ баярлалаа.

photo_2021-04-20_15-07-40

Тайлант хугацаанд Монголын Хөрөнгийн Бирж дээр нийт 71.8 тэрбум төгрөгийн арилжаа явагдсаны 50.1 тэрбум төгрөг буюу 77 хувийг Ард Санхүүгийн Нэгдэлтэй холбоотой компаниудын хувьцаа эзэлж байна. Үүнээс Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа (AARD) дангаараа 45.8 хувийг эзэлжээ. Ард Секюритиз 83.5 тэрбум авах болон зарах захиалга биелүүлснээр шилдэг брокерын компаниар тодорлоо. 

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа 470 хувийн өсөлт үзүүлж, эхний улирлыг 10,180 төгрөгөөр хаасан бол Ард Даатгалын хувьцаа 800 төгрөгөөс 1,455 төгрөг, Ард Кредитын хувьцаа 82.1 төгрөгөөс 250.2 төгрөг, Монгол Шуудангийн хувьцаа 750 төгрөгөөс 1,694 төгрөг болж тус тус өсчээ. Түүнчлэн, Үндэсний Хувьчлалын Сангийн нэгж эрх 108.6 төгрөгөөс 259.7 төгрөгт хүрч гайхалтай өсөлт үзүүллээ. Үүний үр дүнд Ард нь үнэлгээгээрээ МХБ дээр АПУ, Таван Толгой компанийн араас шил дарж, гуравдугаарт жагсаж байна.

photo_2021-04-20_15-09-24

Гурван сарын өмнө манай нийт хөрөнгө 80 тэрбум төгрөг байсан бол одоо 437 тэрбум төгрөгт хүрч, 14.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд хөрөнгө оруулалтын өсөлт, хэрэгжээгүй ашгаа оруулбал нийт ашиг 304 тэрбум болсон байна. Манай эздийн өмч 376 тэрбум төгрөгт хүрч, хөрөнгийн дотоод үнэлгээгээр 408 тэрбум төгрөгт хүрлээ. Ардын зах зээлийн үнэлгээ 100 сая доллар буюу 300 тэрбум төгрөгийн босгыг давж онцгой өсөлт үзүүлэн, харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, итгэлийг улам бэхжүүлсэн улирал болж өнгөрлөө. Банкинд хөрөнгө оруулах төслийн хүрээнд Ард Холдингс Интернэшнл нь Богд Банктай стратегийн түншлэлээ эхлүүлж, 11.7 хувьд нь хөрөнгө оруулах гэрээг үзэглэлээ. Ард Секюритиз нь Степ Голд компанийн давхар бүртгэлийн андеррайтераар болон Богд Банкны IPO-ны андеррайтераар ажиллахын сацуу Гацуурт компанийн 40 тэрбум төгрөгийн хаалттай бондыг гаргаж, амжилттай татан төвлөрүүллээ.

photo_2021-04-20_15-11-30

DAX - Виртуал хөрөнгийн бирж өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд Ард Аппын цэсэд орж, нээлтээ хийснээс хойш 600 мянга гаруй хэрэглэгчтэй болж, 800 тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж, шимтгэлийн орлого нь 8 тэрбум төгрөгт хүрсэн амжилт үзүүллээ. DAX - Цахим хөрөнгийн бирж нь 4 сарын 1-ний өдрөөс веб хувилбарт (dax.mn) шилжин арилжаа хийж эхэлсэн байна. Энэхүү шилжилтийг хийснээр DAX нь аюулгүй, найдвартай байдлын хувьд олон улсын крипто биржүүдийн стандартын дагуу ажиллах төдийгүй гадагшаа тэлэх боломж нээгдлээ.

Цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй энэ үед Ард болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Ард нь 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүн, дэлхий даяар явагдаж байгаа цахим шилжилт, Монголын төр засгаас хэрэгжүүлж буй бодлого болон хувьцаа эзэмшигчдийнхээ хүсэлтийг харгалзан үзэж одоогийн ханшаар 6 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 28.6 сая ширхэг АрдКойныг хувьцаа эзэмшигчдэдээ хувь тэнцүүлж хуваарилахаар шийдвэрлэлээ. 

photo_2021-04-20_15-12-49

Өнгөрсөн онд Ард Кредит 2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, Ард Даатгал 2.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрээ тус тус гаргасан юм.

photo_2021-04-20_15-14-15

Ард он гарснаас хойш нийгмийн хариуцлагын хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүллээ. Жишээлбэл, 18 нас хүрээгүй Монгол Улсын иргэн бүрийн ирээдүйд зориулсан 77 АрдКойн хөтөлбөрийг санаачлаад байна. Уг төслийн бүртгэлийн хугацаа 6 сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд харилцагчид Ард Аппаараа дамжуулан бүртгүүлэхэд нээлттэй. 

photo_2021-04-20_15-15-48

Мөн Гадаадад гацсан Монголчууддаа сэтгэлийн дэм өгөх Хүчтэй, Хамтдаа төслийн хүрээнд дэлхийн 30 улсад гацсан элэг нэгтнүүд маань хүсэлтээ ирүүлсэн ба Ардын зүгээс 1 тэрбум төгрөгийг АрдКойноор олгож, хүн бүрт нэг сая төгрөгтэй тэнцэх АрдКойн (5000 ширхэг)-ыг 4 сарын 5-ны өдөр Ард Аппад бүртгэлтэй утасны дугаарт шилжүүлээд байгаа билээ. Тайлант хугацаанд иргэдийг зөв хүрдтэй, шинэ авто машинтай болгох Гадас Хөтөлбөр зарлагдаж, амжилттай хэрэгжиж байна. Эхний улиралд бид 88 шинэ ажилтан нэмж авч, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Дашрамд дурдахад, Ард болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа 4 сарын 26-наас 4 сарын 30-ны өдрүүдэд цахимаар хийхээр боллоо. Хувьцаа эзэмшигч та register.ard.mn ашиглан бүртгүүлж, хуралдаа идэвхтэй оролцоно уу.

Хүчтэй. Хамтдаа!

Гүнээ хүндэтгэж, мэхийн ёсолсон,
Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал
Хутагт овогтой Чулууны Ганхуяг