by

Ард Санхүүгийн Нэгдлээс мэдэгдэх нь 2021-06-17

 

photo_2021-06-17_17-35-07

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Норовын Алтанхуяг нь Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн АрдКойныг хууль бус, мөрийтэй тоглоом, амар хялбар аргаар мөнгө олоход уриалсан, зөвхөн чадал тэнхээтэй улсад л байж болох зүйл мэтээр бодит судалгаа шинжилгээнд үндэслэлгүй үзэл бодлоо илэрхийлсэнд нийт 60 мянган хувьцаа эзэмшигч, 1.2 сая АрдКойн эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэн мэдэгдэл хийж байна. 

Улсын Их Хурлын Гишүүн маань Монгол улсын цорын ганц хууль тогтоох, ард түмний төлөөллийн дээд байгууллагын хариуцлагатай индэр дээрээс хувийн хэвшил рүүгээ ийнхүү чичилж, олон нийтийг санаатайгаар үймүүлж буй явдал нь төрд биднийг төлөөлөн суугаа хүний хувьд ёс зүйн хэм хэмжээг давсан, тун болчимгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлье. 

Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэгээс гадна сүүлийн 3 жилд улсдаа 5.5 тэрбум төгрөгийн татварыг төлсөн Монголын олон мянган хариуцлагатай аж ахуй нэгжүүдийн нэг билээ.

Эрхэм Гишүүн яриандаа Бельги улс криптовалютыг хориглосон, Монголд түүн шиг хааж, хориглоё гэж уриалсан боловч угтаа Бельги улсад уг төрлийн үйлчилгээг хааж хорьсон явдал огт үгүй бөгөөд тус улсад одоогоор энэ салбар тодорхой зохицуулалтгүй байгаа юм. 

Мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл нь хэн нэгний захиалга биш харин Монголбанкнаас боловсруулан гаргасан төсөл бөгөөд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ (FATF)-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын дагуу хийж байгаа ажил гэдгийг эргэн сануулах нь зүйтэй болов уу. 

Монгол Улс саарал жагсаалтаас гарахдаа энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхээ мэдэгдэж байсан удаатай. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьд уг үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлсэн ба хуулийн зохицуулалтад, ялангуяа бүртгэлийн зохицуулалтад орохыг чухалчлан үздэг. Гэвч хууль “зохицуулах” зорилгоо умартаж, хааж боох, шахаж хавчих, хөгжлийг хойш татахад чиглэвэл бидний зүгээс мөн л 1 сая гаруй харилцагчдынхаа эрх ашгийг хамгаалан дуу хоолойгоо хүргэх нь зүй ёсны үүрэг юм.

Виртуал хөрөнгө нь үйлчлүүлэгч уг харилцаанд орох эсэхээ өөрөө шийддэг чөлөөт зах зээл билээ. Нөгөөтэйгүүр, интернет устахгүй, улам хөгжсөөр байгаа эрин үед виртуал хөрөнгө мөн хэзээ ч хэн нэгний дур зоргоор устаж үгүй болохгүй.

Уг ярианд дурдагдсанаар, виртуал хөрөнгийн үйлчилгээ бол зөвхөн чадал тэнхээтэй улс орнуудад л нэвтрэх боломжтой зүйл юм гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа уламжлая. Тодруулбал, хөгжил буурайд тооцогддог Эль Сальвадор, Танзани, Парагвай зэрэг улсуудад энэ төрлийн зохицуулалтыг амжилттай нэвтрүүлсэн, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа жишээнүүд бий. Монгол залуус эдгээр улсын энд хүрэхгүй гэсэнтэй санал нийлэхгүй. 

Дэлхий дахиныг хамарсан, нэн шинэ үеийн үйлчилгээ болох криптовалютын хөгжлөөс Монгол улс хоцроогүй, бидэнд хангалттай чадварлаг боловсон хүчин байгаа гэдгийг онцолмоор байна.

АрдКойн бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсөл бөгөөд Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудаас үйлчилгээ авахад үнэ төлбөргүй олгогддог, блокчэйн технологид суурилан бүтээгдсэн урамшууллын оноо юм. 

Товчхондоо, АрдКойн төсөл нь Монгол залуус оюун санаагаараа гадаад валютын урсгалыг дотоод руугаа чиглүүлснээр хөрөнгийн экспорт хийж байгаа үйл явц юм. Бид газарзүйн байрлалаараа Орос, Хятад 2 улстай хиллэдэг хэдий ч цахим байдлаар Дэлхийн бүх улстай хиллэж байдаг учраас энэхүү өргөн уудам орчинд Монголчууд нэр, мөрөө үлдээх нь бахархалтай үйлс билээ.

Дашрамд дурдахад, Олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкууд болох Goldman Sachs, Morgan Stanley, PayPal, Bank of New York Mellon, State Street нар криптовалютын албатай болж байгаа нь хэн нэгнээс хамааралгүй, тархмал бүтэцтэй, өөрөө өөрийгөө зохицуулдаг бүтцийг ойлгож, ирээдүйг нь соргогоор үнэлж байгаатай холбоотой болов уу.

Монгол Улс шинэ эриний шинэлэг технологийг туршиж, хөл нийлүүлэн алхаж чадна, бид дандаа ёроолд нь, адаг сүүлд нь байх ёстой гэж үү?

2021 оны 6 сарын 17-ны өдөр