by

АППРЕНТИС МОНГОЛ ШОУНЫ ЯЛАГЧ Ж.ДАШНЯМ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО 2023-03-13

photo_2023-03-13_16-34-21

Улаанбаатар хот, Монгол Улс, 2023-03-13 - Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани болох Ард Венчурс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Жаргалсайхан овогтой Дашням томилогдлоо. Ж.Дашням нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Группын хэмжээнд дижитал стратегийг удирдан чиглүүлэх бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал Стратеги Эрхэлсэн Захирлын ажлыг хавсран гүйцэтгэх юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Монгол ТВ-тэй хамтран Аппрентис Монгол реалити шоуг Монголчуудынхаа санхүү, бизнесийн мэдлэгт зориулан бүтээсэн билээ. Тус шоуны II улиралд 1,000 гаруй залуус оролцох хүсэлтээ ирүүлснээс шилдэг 14 залуус нэвтрүүлэгт оролцох эрхээ авч чадсан ба хүч тэнцүүхэн оролцогчдын ширүүн өрсөлдөөнийг үзэгчид таашаан хүлээж авсан юм. Сүүлийн дугаарт Ж.Дашням шалгарч, нийгэмд тулгарч буй асуудлыг дэвшилтэт аргаар шийдсэн нийгмийн бизнес төслийг 6 сарын сарын турш хэрэгжүүлж, ялагчаар тодорч, шоуны болзлын дагуу 300 сая төгрөгийн цалин, урамшуулал бүхий Ардын охин компанийн CEO буюу Гүйцэтгэх Захирлаар томилогдон ажиллаж эхэллээ.

Ялагч Ж.Дашнямын зүгээс: “Өнөөдрийг хүртэл өөрийгөө өргөмжилж, тодруулахаас илүүтэйгээр үр дүнг чухалчилж ирснийхээ үр дүнг гаргаж чадсандаа баяртай байна. Хэдийгээр шоу ялагчаа тодруулаад дуусаж буй мэт боловч миний хувьд Ард Санхүүгийн Нэгдлийн чонон сүрэгт нэгдэн орж, дараагийн даалгавруудаа үргэлжлүүлэн хүлээн авч, дахин үр дүнгүүд гарган ажиллах цаг ирж байна.” хэмээн онцоллоо.

Ж.Дашням нь 2015 онд МУИС-ийн Бизнесийн сургуулийг бизнесийн менежментийн бакалавр зэрэгтэй төгссөн. Ж.Дашням нь ажлын гараагаа технологийн старт ап компаниар эхэлж, улмаар Монголын анхны дижитал маркетингийн агентлагийг хамтран үүсгэн байгуулж бизнес, маркетинг менежмент тэр дундаа дижитал маркетинг, маркетингийн технологи, маркетингийн автоматжуулалтын чиглэлээр тасралтгүй 8 жил ажилласан туршлагатай.

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Бид тэргүүлэгч компани, төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд ажилладаг. Манай хөрөнгө оруулалтын багц санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг, үүнээс 8 нь нээлттэй компани юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com