by

Ард Санхүүгийн Нэгдлийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргаар Ч.Ганхуяг, Гүйцэтгэх Захирлаар Б.Золбоо томилогдлоо 2023-06-16

photo_2023-06-15_13-01-42

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж буйтай холбогдуулан Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдсанаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар Ард Санхүүгийн Нэгдлийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг сонгогдон ажиллахаар болов. Энэ хурлаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн саналаар Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Батбилэгийн Золбоог Группын Гүйцэтгэх Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Ч.Ганхуяг нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийг стратегийн түвшинд хянаж ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын Ард Венчурс компанийг удирдан чиглүүлэх бол Б.Золбоо нь хариуцсан ажлынхаа хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн өдөр тутмын үйл ажиллагаа, тэр дундаа санхүү, хөрөнгийн зах зээлийн үндсэн 3 кластер буюу Даатгал, Банк болон Хөрөнгө Оруулалтын Банкны үйл ажиллагааг чиглүүлэх юм. 

Б.Золбоо нь АНУ-ын Платсбург хотын Нью-Йорк Мужийн их сургуульд Санхүүгийн чиглэлээр суралцан шинжлэх ухааны бакалаврын зэргийг 2016 онд Сумма Кум Лаудэ хүндэт өргөмжлөлтэйгөөр дүүргэсэн. Мөн 2015 онд J.P. Morgan-ы харьяа компани болох Primary Insight, FINRA итгэмжлэгдсэн брокерын Darwood Associates зэрэг компаниудад дадлагажуулах хөтөлбөр, туршлага судлах болон ажилд бэлтгэх сургалтуудад хамрагдсанаар ажил мэргэжлийн гараагаа 2016 онд Ард Секюритиз ҮЦК-д санхүүгийн шинжээчээр эхлүүлж байв. Улмаар 2019 оны 1 сараас эхлэн Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирлын албыг хашиж ирсэн. 

Уг томилгооны талаар Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн Дарга Ч.Ганхуяг: “Анх Ардыг санаачлан ажиллаж эхлээд 10 жил болжээ. Жилийн өмнөөс эхлүүлсэн Ардын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөлтийн хүрээнд удирдлагын шилжилтийг хийж, шинэ залуу манлайлагчид Ард Санхүүгийн Нэгдлийн удирдлагыг өгч байгаадаа туйлын баяртай байна. Золбоодоо амжилт хүсье! Мөн 2014 оны 1 сараас ТУЗ-ийн хараат бус гишүүнээр, 2017 оны 8 сараас ТУЗ-ийн даргаар ажилласан П.Батбаярынхаа ажил үүргийг үргэлжлүүлэх эрхэм хүндтэй үүргийг надад оногдуулсан журмын нөхөддөө баярлалаа. Эрхэм хамтрагч маань Азийн Хөгжлийн Банкны Олон Улсын Ахлах Зөвлөхөөр ажиллах болсон нь Ардын нийт хамт олны хувьд ч нэр төрийн хэрэг билээ. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэв. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com