by

Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Хүрэлбаатарын Билгүүн томилогдлоо 2023-09-07

4

Улаанбаатар хот, Монгол Улс, 2023-09-07 - Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирлаар Хүрэлбаатар овогтой Билгүүн томилогдлоо. Тэрээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн санхүүгийн үйл ажиллагааг группын хэмжээнд удирдаж ажиллах юм. 

Х.Билгүүн нь тус албанд томилогдохоос өмнө Ард Кредит ББСБ ХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар ажиллаж байсан бөгөөд банк, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан тэрээр Сангийн яаманд хэрэгждэг Дэлхийн банкны төслийн зөвлөх, Санхүүгийн Зохицуулах Хороонд Үнэт цаасны газар болон Мөнгө угаахтай тэмцэх албанд Ахлах Референт, МөнхБумууд ХХК-д Санхүү Эрхэлсэн Захирал зэрэг Төрийн болон Хувийн салбарт удирдах албан тушаалыг хашиж ажилласан туршлагатай. Энэ хугацаандаа Монгол Улсын төсвийн төлөвлөлт хийх, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, корпорацын санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах зэрэг чиглэлд мэргэшсэн.

Х.Билгүүн нь МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд Олон улсын эдийн засгийн онол мэргэжлээр Бакалавр, Эдийн засгийн онол мэргэжлээр Магистр, Их Британийн Засгийн Газрын Чевенингийн тэтгэлгээр Гласговын Их сургуулийн Адам Смит Бизнесийн сургуульд Санхүүгийн таамаглал ба Хөрөнгө оруулалт мэргэжлээр Магистрын зэргийг тус тус хамгаалсан. Мөн Виржиниагийн их сургууль, Олон Улсын Валютын Сан, НҮБ, Лондонгийн Бизнесийн Их Сургууль, Империал Коллеж Лондон, Азербайжаны Хазарын Их сургууль, Хаус оф Трэйнинг, Блүүмберг зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн нийт 30 орчим богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэшсэн юм.

Томилгооны хүрээнд Х.Билгүүн: “Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилго бүхий Монгол Улсын тэргүүлэх санхүүгийн групп компанийн өндөр хариуцлага бүхий албан тушаалд томилогдсондоо баяртай байна. Группын хэмжээнд стратеги, төлөвлөгөөндөө хүрч, харилцагч, хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцсэн хамгийн дэвшилтэт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд шаардлагатай санхүүгийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг боловсрол, туршлагыг бүрэн ашиглаж ажиллахыг эрмэлзэх болно.” гэлээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбогдох утас: 7700 3322 И-мэйл хаяг: info@ardholdings.com Вэбсайт: ardholdings.com