by

Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Дэд Захирлаар Төгсөөгийн Азжаргал томилогдлоо. 2023-03-15

azjargal

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Монгол ТВ-тэй хамтран Аппрентис Монгол реалити шоуг Монголчуудынхаа санхүү, бизнесийн мэдлэгт зориулан бүтээсэн билээ. Тус шоуны II улиралд 1,000 гаруй залуус оролцох хүсэлтээ ирүүлснээс шилдэг 14 залуус нэвтрүүлэгт оролцох эрхээ авч чадсан ба хүч тэнцүүхэн оролцогчдын ширүүн өрсөлдөөнийг үзэгчид таашаан хүлээж авсан билээ. Т.Азжаргал нь нийгэмд тулгарч буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, хүн бүр хуримтлал бий болгож, хөдөлмөрийнхөө үр шимийг бодитоор  хүртэх тэгш боломжийг шийдвэрлэх бодлогын хүрээнд өндөр хариуцлага бүхий Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудын нэг болох Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Дэд Захирлаар томилогдон ажиллаж эхэллээ.

Т.Азжаргал нь Ирээдүйгээ өмчил уриатай Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Хамтын ажиллагааны газрыг удирдан чиглүүлэх бөгөөд үүнд борлуулалт, хамтын ажиллагаа, маркетинг, харилцагчийн үйлчилгээний хэлтсүүд багтах юм.

Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Аппрентис Монгол шоуны өмнөх дугаарын шилдэг оролцогчдын нэг болох О.Амарболд ажиллаж байгаа билээ. Ингэснээр Аппрентис Монгол шоуны шилдэг оролцогчид хамтран өөрсдийн ур ухаан, мэдлэгийг чадварыг хослуулан ажиллах юм.

Шилдэг оролцогч Т.Азжаргалын зүгээс: “Миний хувьд Аппрентис Монгол шоу одоо л эхэлж байна гэж хэлэхэд буруудахгүй байх. Хурдтай, хүчтэй, цуцашгүйгээр өөрт байгаа бүхий л нөөц боломжоо гарган ажиллахдаа итгэлтэй байгаа төдийгүй Ардын Тэтгэврийн Данс компанийг дахин нэг түвшин ахиулах их үйлсэд О. Амарболд захиралтай хамтран ажиллах болсондоо маш таатай байна.” гэдгийг илэрхийллээ.

Т.Азжаргал нь 2019 онд Турк улсад Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр ажлын гараагаа Хаан Банкнаас эхлүүлсэн бөгөөд Монголын томоохон групп компаниудад 8 гаруй жил ажилласан туршлагатай. 

Ардын Тэтгэврийн Данс компани нь 2007 оноос хойш иргэд болон байгууллагын ажиллагсдад тэтгэврийн хуримтлал үүсгэж, харилцагчдынхаа хуримтлалыг хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн эргэлтэд оруулснаар өндөр өгөөж хүртээж ажилладаг билээ. Харин 2019 оноос эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээтэй хослуулсан тэтгэврийн хуримтлалыг санал болгож, иргэдэд хуримтлал нь өсөх явцад эрүүл мэнддээ санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлэн ажилласнаар өдгөө нийт 144,000 гаруй харилцагчтай болж, иргэд, байгууллагын ажиллагсдын хуримтлалыг амжилттай удирдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ардын Тэтгэврийн Данс ХХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7707-8282(3)
И-мэйл хаяг: info@ardpension.com
Вэбсайт: ardpension.com