by

Ард Санхүүгийн Нэгдлийн Дата Судалгаа Эрхэлсэн Захирлаар Чулууны Алтан-Өлзий томилогдлоо. 2024-03-04

altanulzii

Улаанбаатар хот, Монгол Улс, 2024-03-01 - Ард Санхүүгийн Нэгдлийн Дата Судалгаа Эрхэлсэн Захирлаар Чулуун овогтой Алтан-Өлзий томилогдлоо. Тэрбээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн дата судалгаа, шинжилгээ болон шинэ тутам хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын чиглэлийн судалгаа, нэвтрүүлэлтийн үйл ажиллагааг Группын хэмжээнд удирдаж ажиллах юм.

Ч.Алтан-Өлзий нь тус албанд томилогдохоос өмнө Монгол банкны Мөнгөний бодлогын газарт макро эдийн засгийн загварчлал хариуцсан ахлах эдийн засагч, М банкинд Дата шинжилгээ, загварчлал хариуцсан ахлах мэргэжилтэн, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-т Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд банк, санхүү, өгөгдөл зүйн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Мөн түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Сангийн яаманд хэрэгжсэн төслүүдэд зөвлөх, ахлах зөвлөх, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж байсан ба хиймэл оюун, өгөгдлийн ухааны чиглэлээр ажилладаг, сурдаг залуусын хамгийн том, хамгийн идэвхтэй коммюнити, бүлгэм болох Machine Learning UB (MLUB)-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2019 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаандаа Монгол улсын мөнгөний бодлого боловсруулах үйл хэрэгт гар бие оролцох, төр болон хувийн хэвшилд макро болон математик, статистик загварчлалыг хөгжүүлэх, сайжруулах, нэвтрүүлэх, хиймэл оюун, машин сургалтын хөгжилд хувь нэмрээ оруулах, таниулах, сургах зэрэг чиглэлд мэргэшсэн.

Ч.Алтан-Өлзий нь МУИС-ийн эдийн засгийн сургуульд Эдийн засгийн онол мэргэжлээр бакалавр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Хэрэглээний математик мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан ба өдгөө математикийн ухааны докторын зэрэг горилон суралцаж байна. Мөн Олон Улсын Валютын Сан, БНСУ-ын төвбанк, Польш улсын төвбанк, Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын Сургалт Судалгааны төв, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Чех улсын төвбанк зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг эдийн засаг, загварчлалын чиглэлийн богино болон дунд хугацааны сургалтанд хамрагдаж мэргэшсэн ба хамгийн сүүлд АНУ-ын нэр хүндтэй Рамсфелдийн тэтгэлэгт шалгарч, хамрагдсан. Математик, эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд оролцох, судалгаа, шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, хэлэлцүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд 2021 оны Олон Улсын Дата Анализын Олимпиад (IDAO)-д 5-р байрт шалгарч байсан амжилт үзүүлж байв.

Томилгооны хүрээнд Ч.Алтан-Өлзий: “Шинэ тутам хөгжиж буй өгөгдлийн ухааны салбарын судалгаа, түүний үнэ цэн, үр өгөөжийг санхүүгийн салбарт, тэр дундаа Монгол улсын тэргүүлэх санхүүгийн групп компанид нэвтрүүлэх зорилготойгоор Ард Санхүүгийн Нэгдэлд нэгдэж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилго бүхий энэ хамт олны нэг хэсэг болж хэрэглэгч, харилцагч, хөрөнгө оруулагч үндэстэн танд хамгийн оновчтой, дэвшилтэт, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн шуурхай байдлаар хүргэхэд дата судалгаа, шинжилгээний чиглэлээр дэмжлэг үзүүлнэ. Та санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хайж очдог биш таны хэрэгцээт, танд тохирох бүтээгдэхүүн тан дээр өөрөө очдог болоход өөрийн ур чадвар, туршлагаа ашиглан, чин хүсэл эрмэлзэлтэй ажиллах болно.” гэлээ.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com