by

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН” ХУВЬЦААГАА ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ГАРГАХААР БОЛЛОО 2016-09-13

“Хөрөнгө Оруулагч Үндэстэн” хаалттай хувьцаат компани (цаашид Үндэстэн гэх) нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 560 хүний үүсэл санаачлагаар байгуулагдсан билээ. Ингэснээр Монголд анх удаа “crowdfunding” аргыг ашиглан олон нийтийн оролцоотой арилжааны банк байгуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан мэргэжлийн санхүү, хөрөнгө оруулалтын компани бий болсон юм.

Өнгөрсөн хугацаанд Үндэстэн Ард Санхүүгийн Нэгдэл ХК, Монгол Шуудан ХК, Ард Даатгал ХХК-д шууд хөрөнгө оруулаад байгаа юм.

Хагас жилийн байдлаар Үндэстний 1,000 төгрөгний нэрлэсэн үнэтэй нэгж хувьцааны үнэлгээ 1,554.49 төгрөг болсон нь компанийн үнэ цэнийг 50 гаруй хувиар нэмэгдүүлснийг харуулж байна. Үүний дагуу наймдугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаас нэгж хувьцааны нийтэд санал болгох үнийг 1,250 төгрөг болгохоор санал нэгтэйгээр шийдвэрлэлээ.

Мөн тус хурлаас Хөрөнгө Оруулагч Үндэстэн ХК-ийг Жинст Увс ХК-тай нэгтгэх, улмаар Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болгох түүхэн шийдвэрийг хуралд оролцогсдын 96.81 хувийн саналаар гаргалаа. Ингэснээр манай хувьцааны хөрвөх чадвар нэмэгдэж, компанийн засаглал илүү батжиж, хувьцааны эрэлт нийлүүлэлт дээр үндэслэн зах зээлийн үнэ цэн бодитоор тодорхойлогдох болно. Үндэстэн Хөрөнгийн Бирж дээр гарснаар олон түмэн ирээдүйн банкны хувь нийлүүлэгч болоход илүү хялбар болох юм.

Компанийн хувьд орчин үеийн дэвшилтэд технологи дээр суурилсан “Финтек” банк болох зорилгодоо нэг алхам ойртож байна гэсэн үг.

9 дүгээр сарын 7-ны өдөр Үндэстний ТУЗ хуралдаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг албажуулж, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг Монголын Хөрөнгийн Бирж дээр гаргах ажлын төлөвлөгөөг батлан 2016 ондоо багтан холбогдох ажлыг гүйцэтгэхийг Гүйцэтгэх Захиралд үүрэг болголоо.

Мөн Үндэстэнд нэгдэх хөрөнгө оруулалтын доод хэмжээг бууруулж 300,000 төгрөг болгосон нь хувьцааг эзэмших боломжийг илүү өргөн хүрээнд нээж өглөө.

Та бүхэн “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу:

Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс

Ерөнхий мэдээллийг: 11-321899, 7707-8080, 9922-4879

И-мэйл хаяг: info@investornation.mn, info@ganhuyag.com

Хүчтэй. Хамтдаа.