Ноолуурын үнийг Хятад мөнгөний ханш хөөргөв

Манай самнасан ноолуурын 60-70 хувийг хятадууд худалдан авдаг. Монголын валютын зах зээлд одоогоор юанийн ханш 284 төгрөгтэй тэнцэж байгаа. Тэгвэл өнгөрсөн жилийн өдийд нэг юань 230 төгрөгтэй тэнцэж байжээ. Ноолуур худалдан авахаар зорьж ирсэн урд хөршийн бизнесмэн манай үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чанга байх үед нэг кг ноолуурыг 68 мянган төгрөг буюу 300 юаниар худалдан авч байсан аж. Харин одоо 89 мянган төгрөг буюу 312 юаниар нэг кг ноолуурыг борлуулж байна. Хятадууд юаниар тооцох ханшаа бага зэрэг өсгөжээ.
Төгрөгийн ханш суларсан учраас энэ нь ноолуурын гарааны үнийг 30 хувиар өсгөсөн хэрэг. Зүүн бүсийн ноолуур хялгас багатай байдаг учраас өндөр үнээр борлогддог. Харин төв болон баруун аймгуудын ноолуур хялгас ихтэй байдаг тул арай хямдаар арилждаг аж. Зүүн бүс нутгийн нэг кг ноолуур 650-аас дээш граммын гарцтай байдаг бол Баян-Өлгий, Увс гэх мэт баруун аймгийн ямааны ноолуурын гарц 450 грамм болтол буурдаг гэнэ.

4/2/14
Эх сурвалж: www.mongolnews.mn