“Гашуун Cухайтын Tөмөр Зам” компанийг байгууллаа

“Гашуун Cухайтын Tөмөр Зам” хамтарсан компанийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор Гашуун сухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсөн юм. Засгийн Газрын шийдвэрт заасанчлан, хамтарсан компанийн 51 хувийг Монголын талын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран эзэмших бол үлдсэн 49 хувийг БНХАУ-ын “Шэньхуа” компани эзэмших аж. Шийдвэрийн хүрээнд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм байна.

4/8/14
Эх сурвалж: economy.news.mn