Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж үнэ буурч байна

Нүүрсний зах зээлд тэргүүлэгч Хятадад нүүрснийнийлүүлэлтихсэж байгаа нь үнэ буурах шалтгаан болж байна. Энэ оны 1 дүгээр улиралд тус улс 83.9 сая тонн нүүрс импортолсон нь 2013 оны мөн үеийнхээс 5.1 гаруй хувиар өссөн дүн болжээ. Харин импортын хэмжээг мөнгөн дүнгээр тооцож үзвэл 6 тэрбум 780 сая долларт хүрсэн нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 7.3 хувиар буурсан дүн гэж Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Үүнээс харахад Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдсэн боловч үнэ нь буурч байгаа дүр зураг харагдаж байна.Хятадын Үндэсний эрчим хүчний газраас гаргасан мэдэгдэлд дурдсанаар 2014 онд тус улсын нүүрсний импорт өмнөх оныхоос төдийлөн өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа юм. Харин 2013 оны байдлаар нийт 327 сая тонн нүүрс импортолсон нь Хятадын нүүрсний хэрэглээнээс 9 хувиар өндөр үзүүлэлт болсон талаар тус улсын Нүүрсний ассоциациас мэдэгдсэн. Тус улсын хувьд нийт 117.48 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай 1,725 жижиг уурхайнуудаа хаах шийдвэр гаргасан. Үүнээс гадна агаарын бохирдлыг бууруулахын тулд чанар муутай нүүрсний импортод 3 хувийн татвар ногдуулж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцээд Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч орнуудын хувьд зардлаа танах боломжийг эрэлхийлж байна. Тухайлбал энэ оны эхний 2 сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний импортын 10.7 хувийг бүрдүүлсэн ОХУ-ын тал Хойд Солонгосын Ражин боомт хүртэлх төмөр замын шугамыг сэргээн засварлаж байна. Улмаар энэ боомтоор дамжуулан Хятадын зүүн болон зүүн өмнөд мужууд руу дөт замаар нүүрс экспортлохоор туршилтын ажлаа хийж эхлээд байгаа юм. 2014 оны эхний 2 сард Хятадын коксжих нүүрсний импортын 14 хувийг дангаараа бүрдүүлсэн Монгол Улсын хувьд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам барихаар төлөвлөж байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.

4/21/14

Эх сурвалж:http://bloombergtv.mn