Ерөнхий сайд Н.Алтанхуяг , ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг,Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажилтай очиж танилцлаа


Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг , ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрөгч өдрүүдэд Төв аймаг, Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгуудын чиглэлд бүтээн байгуулалтын ажилтай очиж танилццлаа.

Эхэнд Улаанбаатар хотоос 40 км-ийн зайд байрлах Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хийт бетоны үйлдвэр дээр очицгоосон юм. Хийт бетон гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлавал талх шиг исэлт хийж хөөлгөж хамгийн хөнгөн байж болох хэмжээнд хүргэсэн барилгын өрлөгийн материалыг хэлж буй юм. “МАК" ХХК-ийн барьж буй энэ үйлдвэр бараг л бэлэн болж буй бөгөөд энэ оны гуравдугаар улирал гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Үйлдвэрт зориулсан хөрөнгө оруулалтынхаа 79,9 хувь буюу 58,4 тэрбум төгрөгийг хийсэн бөгөөд гааль, НӨАТ-д 5,76 тэрбум төгрөгийг ч зарцуулаад байгаа аж. Уг үйлдвэр ашиглалтанд орсноор иргэд “тоосго, блок” авдаг сонголтондоо шинээр “хийт бетон” авдаг сонголтыг нэмэх боломжтой болох нь тодорхой аж.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын орон нутгууд дахь барилгын материалын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах хөтөлбөрийн хүрээнд зочилсон хоёр дахь газар бол “Гермес гахиур” ХХК-ийн цементийн үйлдвэр байв. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Билүүтийн-2 шохойн чулууны орд газрыг түшиглэн “Гермес гахиур” ХХК-ийн барьж байгаа энэ үйлдвэр хүчин чадлын хувьд харьцангуй бага, жилдээ 240 мянган тонн цемент үйлдвэрлэх хэдий ч орон нутгийн барилга, бүтээн байгуулалтын ажилд ойрын ханган нийлүүлэгч болж чадах ач холбогдолтой үйлдвэр аж.

Ажлын хэсэг дараа нь Хөх цавын Цементийн үйлдвэрээр зочиллоо. Монголчууд жилд 1,8 сая тонн цемент хэрэглэж байгаагийнхаа гуравны хоёрыг гадаадаас импортлодог бөгөөд энэ тоон үзүүлэлтийг өөрчлөх боломж Хөх цавын Цементийн үйлдвэрт байна.

“Монголын алт” ХХК нь Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн жил 1 сая тонн цемент үйлдвэрлэх, цаашлаад 2 сая тонн болгон өргөтгөх боломж бүхий цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Энэ тоног төхөөрөмж нь Дани улсын “FLSimdth” компанийнх бөгөөд хэд хэдэн төрлийн цемент үйлдвэрлэх, өндөр чанартай тусгай зориулалтын цементийг нийлүүлэхээс гадна өөрийн чанарыг евростандартын хэмжээнд хүргэх боломж байгаа аж.

4/24/14

Эх сурвалж:http://economy.news.mn