Монгол Улсын Засгийн газрын тав болон 10 жилийн хугацаатай бондын ханш сүүлийн нэг сарын хугацаанд хагас жил байгаагүй хэмжээгээр сэргэлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын дундаас хойш тасралтгүй өссөн бондын ханш дөрөвдүгээр сард 10 жилийн хугацаатай нь 4.6 хувиар, таван жилийн хугацаатай нь 2.8 хувиар өсөөд байна. Ингэснээр өнгөрсөн есдүгээр сарыг эс тооцвол нэг сарын хугацаанд хамгийн их хэмжээгээр өссөн явдал болжээ.Энэ оны эхний гурван сарын байдлаар буюу нэгдүгээр улиралд Монгол Улсын эдийн засгийн зарим голлох үзүүлэлтүүд зах зээлд харьцангуй эерэг дохио өгснийг бондын ханшийн өсөлт харуулж байна.Тухайлбал тайлант хугацаанд гадаад худалдааны алдагдал сүүлийн гурван жил байгаагүй хэмжээнд хүрч буурсан бол урсгал дансны ашиг өссөн дүнтэй гарчээ.Үүнээс гадна Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа хууль, эрх зүйн орчны шинэчлэл үргэлжилж байна.Мөн дөрөвдүгээр сард Засгийн газраас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулах чиглэлд цогц арга хэмжээ авахаар болсноо зарласан нь хөрөнгө оруулагчдын хандлагыг илэрхийлдэг бондын ханшийн өөрчлөлтөд нөлөөлсөн гэж харж болохоор байгаа юм.Хэдий тийм боловч дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт бондын ханшийн өсөлт саарсан байна.Энэ нь олон улсын үнэлгээний “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан ч төлвийг тогтвортой болгож өсгөсөн мэдээлэлтэй цаг хугацааны хувьд давхцаж байгаа юм.
4/30/14
Эх сурвалж:http://bloombergtv.mn
02
2014-05