Төрийн өмчийн хорооноос Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын томилгоог одоо хүртэл хийгээгүй байна. Энэ талаар тус хорооны Тамгын газрын дарга Ц.Одмаагаас тодруулахад, “Авлигатай тэмцэх газраас бидэнд холбогдох бичиг, шийдвэр ирээгүй байна. Монголын хөрөнгийн биржийн удирдлагыг сонгоход эрх ашгийн зөрчил үүсгэхгүйн тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашгийн сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөх ёстой. Энэ хүрээнд АТГ шалгалт хийж, бидэнд мэдэгдэх юм. Хуулийн дагуу бол ажлын 14 хоногт бидэнд бичиг баримтаа өгөх ёстой. Хугацаа дуусахад гурав хоног үлдээд байна” гэсэн хариулт өглөө.

МХБ-ийн экс гүйцэтгэх захирал Х.Алтай нэгдүгээр сард ажлаа өгснөөр хуулийн дагуу дараачийн удирдлагыг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, гуравдугаар сарын 13-нд нэр дэвшигчдийн материалыг авч дууссан. Үүгээр долоон хүн нэр дэвшиж, өрсөлдсөн бөгөөд нэр дэвшигчдийн материалыг авсан тухайн сардаа томилгоог хийх байсан ч тодорхой бус шалтгаанаар хойшилсоор өдийг хүрлээ. Гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдээс нэг хүнийг сонгосон байгаа бөгөөд ийнхүү АТГ-аас холбогдох бичиг баримт ирвэл шууд зарлах талаар албаныхан хэлсэн юм.
Эх сурвалж: economy.news.mn
24
2014-05