Сүүлийн 20 жилд эдийн засаг хөгжөөгүй

Зүүн европын орнуудаас Украины эдийн засаг 1993-2013 онд хамгийн муу үзүүлэлттэй байсныг ОУВС- аас мэдээлжээ. Худалдан авах чадвараар тооцвол Украины эдийн засаг сүүлийн 20 жилд одоогийнхоос ердөө 1.5 дахин их өссөн бол тус бүс нутгийн бусад оронд энэ үзүүлэлт хоёр дахин болон түүнээс илүү өссөн аж. Тэгвэл тогтмол үнээр тооцож үзэхэд Украины ДНБ сүүлийн хорин жилд огт өсөөгүй хэмээн ОУВС-аас мэдээлжээ. ОУВС-аас Украины эдийн засгийг шинэчлэх боломжийн талаар дүгнэхдээ эдийн засгийн хүндрэл олон жилийн хугацаанд хуримтлагдаж, геополитикийн хурдацтай нөхцөл түүнийг нь улам түргэтгэснийг өгүүлжээ. Украин нь “Бүтцийн гүн хямрал”-ын улмаас эдийн засагт нь үе үе тохиолддог санхүүжилтийн хомсдолд ихээхэн эмзэг болсон гэнэ. ОУВС-аас Киевт эдийн засаг нь тогтворжуулах хөтөлбөр санал болгохдоо эхний шатанд эдийн засгийнх нь хэмжээ буурна гэдгийг сануулжээ. Тухайлбал: энэ онд Украины эдийн засаг таван хувиар буурна гэж сангийн мэргэжилтнүүд үзсэн байна. “Энэ бол сонголтын асуудал биш. Энэ бол улам бүр хүндэрч буй нөхцөл байдалд бодитоор хүсч болох дүр зураг” хэмээн тайланд өгүүлжээ. ОУВС-аас Украиныг валютын ханшийн уян бодлого явуулж, шатдаг хий, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийг эрс нэмэгдүүлэхийг шаардсан юм. Үүний үр дүнд эдийн засаг ирээдүйд тогтворжих боловч эхэн үедээ алдагдлыг эрс бууруулах боломжгүй гэдгийг тайланд өгүүлжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин