ОХУ, БНХАУ байгалийн хийн гэрээ байгуулав

ОХУ-ын төрийн өмчийн "Газпром" болон Хятадын Үндэсний нефтийн корпорацийн албаны хүмүүс энэ сарын 21-нд Шанхай хотноо хий нийлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятад улсын дарга Си Зиньпин нар гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон байна. "Газпром"- ын албаны хүний мэдэгдсэнээр, тус компани 30 жилийн хугацаанд шинэ дамжуулах хоолойгоор Хятадад байгалийн хий нийлүүлэх юм. Харин Хятадын мэдээний "Xinhua" агентлагийн мэдээлснээр, 2018 оноос байгалийн хийг нийлүүлж эхэлнэ. Орос болон Хятадын албаны хүмүүс Хятадад байгалийн хий нийлүүлэх асуудлыг урт хугацааны турш хэлэлцэж байгаа билээ. Гэхдээ тэд үнийн асуудлаар хараахан зөвшилцөлд хүрч чадаагүй байсан юм. Өнгөрсөн мягмар гарагт В. Путиныг Шанхайд очсоны дараа хоёр тал дахин хэлэлцээ хийсэн юм. Ингээд эцэст нь В. Путины Хятадад хийсэн айлчлалын сүүлийн өдөр буюу өчигдөр гэрээ байгууллаа.Европоос илүү бусад газруудад байгалийн хийгээ нийлүүлж, борлуулалтаа төрөлжүүлэхийн тулд Азиас байгалийн хийн шинэ худалдан авагчид олохыг ОХУ сүүлийн жилүүдэд хичээж ирсэн юм. Хятад улс ч дамжуулах хоолойнуудаар байгалийн хийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх улстай хамтран ажиллахыг хүсч байсан юм. Уг гэрээ хоёр улс сүүлийн үед харилцаагаа бэхжүүлэхэд анхаарч байгааг батлан харуулж байна. Уржигдар ОХУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нар Дорнод Хятадын тэнгис дэх хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилтын нээлтийн
ёслолд мөн оролцсон билээ.

Эх сурвалж: www.mongolcom.mn