ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2015-10-13 “Цагаан суваргын зэс молибденийн уулын баяжуулах үйлдвэр" болон "Хөх Цавын цемент, шохойн үйлдвэр" төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Эдгээр төслүүдийн нийт хөрөнгө оруулалт 1.3 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм. 2018 оны эхний улиралд хэрэгжиж эхлэх “Цагаан суварга” төсөлд “МАК” компани одоогоор 344.4 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Үлдсэн санхүүжилт болох 686.6 сая долларыг ХБНГУ-ын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр тооцоолжээ. Одоогоор төслийн явц 50 хувьтай байгаа болохыг “МАК” компаниас мэдээллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу НӨАТ, ашигт малтмал ашигласны төлбөр, гааль болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа 27 жилийн хугацаанд тогтворжуулахаар гэрээнд заасан байна. Мөн дотоодын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, орон нутгийн бизнесүүдийг дэмжих чиглэлд хэд хэдэн ажлууд хийхээр тохиролцжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээр нийт 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлэх юм байна. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлалтай энэхүү үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 мянган тонн зэсийн баяжмал, 4000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ гэж үзжээ. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Хөх Цавын цемент, шохойн үйлдвэр эхний бүтээгдэхүүнээ ирэх оны 6 дугаар сарын 30-нд гаргахаар ажиллаж байгаа гэж “МАК” компаниас мэдээлжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 351.6 сая доллар бөгөөд үүнээс 263.6 сая долларын хөрөнгө оруулалтыг одоогоор хийгээд байгаа юм байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр татвар, хураамж хэлбэрээр улсад нийт 961.9 сая доллар буюу жилд дунджаар 32.1 сая доллар төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. www.bloombergtv.mn