Үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын бондын зэрэглэлийн хэтийн төлөвийг “тогтвортой” түвшнээс бууруулж, “сөрөг” хэмээн тодорхойлсноо өнгөрсөн даваа гаригт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Түүний зэрэгцээ тус агентлаг Засгийн газрын үнэт цаасны B1 үнэлгээг баталгаажуулж, Монгол Улсын Хөгжлийн банкны зэрэглэлийн хэтийн төлөвийг нэг шатлалаар бууруулан “сөрөг” хэмээн дүгнэжээ.
Сүүлийн жилүүдэд гадаад өрийн дарамт нэмэгдэж, гадаад валютын нөөц огцом бууран, зээлийн хэмжээ 2013 оноос хойш хурдацтай өссөнөөс үүдэн “Moody’s” ийм шийдвэр гаргаснаа онцолсон байна. Тодруулбал, гадаад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдэж, 2013 онд 18.9 тэрбум ам.долларт хүрсэн аж. Өөрөөр хэлбэл, өр нь ДНБ-ий 156.8 хувьтай тэнцэж буй нь B1-B3 зэрэглэлтэй бусад оронтой харьцуулахад хэтэрхий өндөр байгаа гэнэ. Түүний зэрэгцээ Төвбанк 2013 оноос хойш мөнгөний бодлогоо зөөллөсөн нь зээл огцом өсөхөд нөлөөлсөн байна. Эдгээр хүчин зүйл нь Монгол Улсад ойрын хэдэн жилд валютын хямрал үүсэх нөхцөлийг лавшруулж байна гэж тэд үзжээ.
Мөн инфляцын түвшин, зээлийн хэмжээ хурдацтай нэмэгдэж буй нь банкны системийн тогтвортой байдалд “заналхийлж”, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлэх төлөвтэй аж.
Эх сурвалж: http://mongolnews.mn/
30
2014-05