Цагаансуваргын ордын асуудлыг дэмжлээ


Ашигт малтмалын тухай хуульд “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Цагаансуваргын зэс-молибдений ордын 34 хувийн хувьцааг төр эзэмших тогтоолын төслийг УИХ-д өргөн барьжээ.
Цагаансуваргын ордын нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар. Үүний 350.6 сая ам.долларын хөрөнгийг оруулснаар төр төслийн 34 хувийн хувьцааг эзэмших юм. Энэхүү 350 сая долларыг Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжүүлэх боломжтой хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг онцолсон.
Цагаансуваргын орд нь Эрдэнэтээс 7 дахин, Оюутолгойгоос 30 дахин бага нь нөөцтэй.  6.6 жилд хөрөнгө оруулалтаа нөхөж, 17 жил ажиллахаар ТЭЗҮ боловсруулжээ. Нийт 11 их наяд төгрөгийн борлуулалт хийх бөгөөд 4 их наяд төгрөгийн татвар хураамжийг улс, орон нутагт төлөх юм байна. Үүний тал нь роялтид төлж байгаа төлбөр аж. Ямар нэгэн татварын хөнгөлөлт эдлэхгүй бөгөөд нийт 2.82 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах юм байна.