30
2014-05
“Роснефть”-тэй Монголын импортлогчид гэрээ байгуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг тавдугаар сарын 22-25-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн Петербургийн олон улсын чуулга уулзалтад оролцсон. Тэгвэл энэ үеэр Монголын шатахуун импортлогч “Магнай трейд, “Шунхлай” компаниуд ОХУ-ын “Роснефть”-тэй хамтран ажиллах таван жилийн гэрээг үзэглэсэн байна.
Гэрээнд “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин, болон дээрх нэр бүхий компаниудын гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Ингэснээр хоёр тал 2014 оны зургадугаар сарын 1-нээс 2019 оны тавдугаар сарын 31 хүртэл хамтарч, энэ хугацаанд хамгийн багадаа 1 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг импортлохоор болсон байна. Үнэ цэнийн хувьд хамгийн таатай боломж гэрээний хүрээнд бий болж байгаа гэж Монголын импортлогч компаниудын зүгээс мэдэгдээд байна.
Мөн энэ үеэр Монголын Газрын тосны газар, “Роснефть” компанитай хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ. Гэрээнд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин нар гарын үсэг зурсан юм байна. Ингэснээр “Роснефть” компани Монголд нефтийн бүтээгдэхүүний хангамжийг бий болгох дэд бүтцийг бий болгохын зэрэгцээ нефть болон хийн ордуудад хайгуул хийх эрх үүсч буй ажээ.
Эх сурвалж: http://economy.news.mn/content/180018.shtml