“Aspire Mining” компани Монгол дахь үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор томоохон худалдан авалт хийхээр болжээ. Тус компани “Эх говийн чулуу” компанийн 50 хувийг “Xanadu Mines”-аас худалдан авч, оронд нь өөрийн 10 сая ширхэг хувьцааг шилжүүлэх юм байна.
“Эх говийн чулуу” компани нь Монголын хойд хэсэгт байрлах Нүүрстэй коксжих нүүрсний төслийн 60 хувийг эзэмшдэг, цаашид эзэмшлийн хувиа 90 болгон нэмэгдүүлэх бололцоотой компани юм. Энэ ордын нөөцийг жорк стандартаар 30 сая тонн гэж тогтоох үед “Aspire Mining” компани нэмэлт таван сая ширхэг хувьцаагаа “Xanadu Mines”-т шилжүүлэхээр болсон байна.
“Xanadu Mines”-ийн хувьцааны 7.7 хувийг эзэмшдэг “Noble Group” мөн энэ төсөлд “Aspire Mining”-тай хамтарч байгаа юм. Тус мэдээлэл гарсны дараа “Aspire Mining” компанийн хувьцааны ханш 5.7 хувиар өсч, 3.7 австрали цент болсон байна. Нүүрстэй төсөл нь “Aspire Mining”-ийн Овоот төслийн үр өгөөжийг дээшлүүлэхэд дэмжлэг болохоос гадна тус хоёр ордын хоорондын зах зээл болон үйл ажиллагааг хамтатгах боломжтой гэж “Aspire Mining”-аас мэдээллээ. Үүнээс гадна тус компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төмөр замын төсөлд Нүүрстэй орд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм. Түүнчлэн “Xanadu Mines” компани Нүүрстэй ордын олборлолтын тусгай зөвшөөрлийг авсан тохиолдолд “Aspire Mining”-ийн зүгээс 200 мянган ам.долларын нэмэлт төлбөр шилжүүлэхээр болжээ.
2014-06-14
Эх сурвалж: www.medee.mn
17
2014-06