Засгийн газраас Цайдамнуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа. Цайдамнуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн зүгээс тухайн ордуудаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ ирүүлсэн юм.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал гарган УИХ-д өргөн мэдүүлсэн.
Уг 7 ордоос газрын ховор элементийн Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордууд нь бүрэн судлагдаж дуусаагүй, мөн баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүйгээс үр ашиг тооцох техник-эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй байгаа зэргийг харгалзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулсан. Хөшөөтийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулан ажиллах саналыг ирүүлсэн зэрэг үндэслэлээр энэ тогтоолын төслөөс хассан.
17
2014-06