Н.ЗОЛЖАРГАЛ: МОНГОЛ УЛСЫГ “ДАРХЛААТАЙ ЭДИЙН ЗАСАГТАЙ” БОЛГОХООР ЗОРЬЖ БАЙНА

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Монгол Улсыг бүтээмжид тулгуурласан, төрөлжсөн, өрсөлдөх чадвар бүхий дархлаатай эдийн засагтай болгохоор зорьж байгаагаа мэдэгджээ. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэл, хадгаламж, хуримтлал, хөрөнгө оруулалт дэмжсэн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тэрбээр 2013 онд боловсрол болон цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдээгүй байсан бол жилийн инфляцийг улсын хэмжээнд нэг оронтой тоонд гаргах бүрэн боломжтой байсан гэж үзжээ. Хэдийгээр 2013 оны хувьд жилийн инфляци 12.5 хувьтай гарсан ч мах, махан бүтээгдэхүүний инфляцид үзүүлэх нөлөөг 3.1 дахин бууруулж чадсан талаар Төв банкны тэргүүн танилцууллаа. Түүнчлэн Монголбанк 2013 оны жилийн тайланг танилцуулахдаа төгрөгийн нэрлэсэн ханш өнгөрсөн онд 15.5 хувиар, бодит ханш 7.2 хувиар суларсан болохыг мэдээлсэн. Гэхдээ ханшийн энэ өөрчлөлт нь богино хугацаандаа тодорхой зардлыг дагуулсан хэдий ч эдийн засагт бүтцийн шинжтэй томоохон шинэчлэл хийх урьдач нөхцлийг хангахад чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэсэн юм.

2014-06-13
Эх сурвалж: www.bloombergtv.mn