"The Economist” группээс гаргадаг бизнест хамгийн ээлтэй орнуудын жагсаалтыг Сингапур, Хонконг тэргүүлжээ. Сингапурын хувьд бизнесийн үйл ажиллагаа хамгийн эрчимтэй байрт дахин жагсч, таван жилийн амжилтаа хадгалсан байна. Харин Хонконг гуравдугаар байрт жагсчээ. Түүнчлэн байгалийн баялгаараа хөрөнгө оруулалт хамгийн их татдаг улс орнуудын хувьд Өмнөд Африк жагсаалтын дээгүүрт бичигджээ. Энэ дүр зураг 2018 он хүртэл үргэлжилнэ гэж “The Economist” групп таамагласан байна.
Дэлхийн банкны дүгнэлтээр Монголд бизнес эрхлэх байдал 2014 онд өмнөх оныхоос илүү сайжирчээ. Тодруулбал, 2013 онд 189 орноос 80 дугаарт жагсч байсан Монгол Улс 2014 онд дөрвөн байр урагшилж 76 дугаарт бичигдэх болжээ. Тус үнэлгээнд Монголд шинээр компани байгуулахад хялбар нөхцөл голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, Улсын бүртгэлд бүртгүүлэх болон тэмдэгтийн хураамж төлж данс нээх зэрэг ажиллагаа тус бүр 1-7 өдөрт багтах боломжтойгоос гадна хураамжийн хэмжээ өндөр биш байдаг. Үүнээс гадна Монгол Улсын хувьд энэ онд барилгын зөвшөөрөл авах явц огцом сайжирсан гэж Дэлхийн банк дүгнэсэн байна. Тус төрөлд Монгол Улс өмнөх оны үзүүлэлтээс 25 байр урагшилжээ. Гэхдээ Ази, номхон далайн орнуудад барилгын тусгай зөвшөөрөл авах дамжлагын тоо 16 байдаг бол Монголд одоогоор 20 байгаа аж.
Эх сурвалж: www.medee.mn
23
2014-06