30
2015-10
Ч.ЖАВХЛАН: "ЗООС" БАНКНЫ ЭРХ ХҮЛЭЭН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ БҮРДЭЖ БАЙНА
2015-10-23
УИХ-ын ээлжит чуулганаар Монгол банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Ч.Жавхлан: "Зоос банк" ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд:
"Зоос банк" ХК-д банкны эрх хүлээн авагч томилогдмогц Банкны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан Банкны эрх хүлээн авагчийн нэн даруй авах арга хэмжээний хүрээнд банкны хувь нийлүүлэгчдэд санхүүгийн хариуцлага хүлээлгэж 14.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө, 14.7 тэрбум төгрөгийн нэмж төлөгдсөн капитал, хуримтлагдсан ашиг, бусад сангаар алдагчдыг хүлээлгэж санхүүгийн тайланд тусгасан.
"Зоос банк"-ны эрх хүлээн авагчийн зүгээс Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр барагдуулах дарааллыг тогтоосон бөгөөд тэргүүн ээлжинд иргэн, хуулийн этгээдийн харилцах хадгаламжийг алдагдлаас хамгаалах зорилгоор гаргасан Засгийн газрын бондын төлбөрийг барагдуулах ёстой.
Энэ хуулийн 64.1-т заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг банкны хувьцаа эзэмшигчдэд хувьцааны давуу ба ердийн эрх гэсэн дарааллаар хувь тэнцүүлэн хуваарилна гэж заасан байдаг. Иймд дээрх хуулийн заалтын дагуу "Зоос банк" ХК-ийн эрх хүлээн авагчийн зүгээс Засгийн газрын бондын төлбөрийг төлж барагдуулах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувьцаа эзэмшигчдийн банканд оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан олгох нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй байгаа болно.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар "Зоос" банкны 627 жижиг хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгийг хувьцаасны нэрлэсэн үнээр тооцон ойролцоогоор 1 тэрбум төгрөгийг хуваарилах саналыг СЗХ-ноос хэлэлцүүлсэн боловч Банкны тухай хуулийн 64.1-т заасан төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа дахин хэлэлцэхээр тогтсон. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар "Зоос" банкан дахь банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагааг дуусгавар болгох актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх асуудлыг хэлэлцүүлэх үед дээрх асуудлыг дахин авч хэлэлцэн, хуулинд заасан дарааллын дагуу Засгийн газрын бондын өр төлбөрт дүйцүүлэн "Зоос банк" ХК-ийн актив хөрөнгийг Сангийн яаманд шилжүүлэх талаар зөвлөмж гаргасан болно.
Дээрх шийдвэрийг хэрэгжүүлснээр "Зоос банк" ХК-ийн хувьцаа эзэмшигч нарт хуваарилах актив хөрөнгөгүй болж Компанийн тухай хуулийн 9.3 дахь заалт буюу Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсний дагуу хариуцлагыг бүрэн хүлээлгэх, "Зоос банк" ХК-ийн банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг дуусгавар болгох үндэслэл бүрдэж байна.
Дээрх шийдвэрийн дагуу "Зоос банк" ХК-ийн шаардах эрх, актив хөрөнгийг Засгийн газраас гаргасан бондын өр төлбөрт дүйцүүлэн шилжүүлэхтэй холбоотойгоор Монголбанк болон Сангийн яамны оролцоотой ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэн холбогдох арга хэмжээг авч байгаа” хэмээн хэллээ.
www.ikon.mn