ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭКСПОРТЫН "ШИВЭЭ ЭНЕРЖИ" ЦОГЦОЛБОР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2015-10-27 Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтын хүрээнд Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний “Шивээ Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төслийн бэлтгэл ажлыг хангах үүднээс “Эрдэнэс Монгол” компанийн дэргэд төслийн нэгж байгуулах шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан байна. Төслийн хүрээнд жилд 34 сая тонн нүүрс олборлож, 9240 МВт-ын дэвшилтэт технологи бүхий агаарын хөргөлттэй цахилгаан станц, 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кВ-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам бүхий цогцолбор барих нь хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа юм байна. Төсөл эхлүүлэхтэй холбоотойгоор Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг БНХАУ-ын талтай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулжээ. “Шивээ Энержи” цогцолбор төсөл хэрэгжиж эхэлснээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, томоохон хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үзэж байгаа юм байна.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод 2015 оноос экспортын зориулалттай томоохон хүчин чадал бүхий цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэж тусгасан байдаг. Цаашид 10 жилийн дараа Монгол Улс цахилгаан эрчим хүч экспортолж эхлэхээр төлөвлөж байгаа юм. www.bloombergtv.mn