Засгийн газар Дулааны V цахилгаан станцын концессын гэрээг төсөл хэрэгжүүлэгч консерциумтай байгууллаа. Ингэснээр дулааны V цахилгаан станцыг хувийн хөрөнгөөр барьж, 25 жил ашиглаад улсад хүлээлгэн өгөхөөр болж байна. “Дулааны V цахилгаан станц төсөл”-ийг дөрвөн компанийн хамтарсан “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” консерциум дөрвөн жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар байх бол санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчид 100 хувь хариуцах ажээ. 20 жилийн турш яригдсан Дулааны V цахилгаан станц Улаанбаатар хотыг эрчим хүчээр хангахаас гадна нийслэлийн 1200-1300 иргэнийг ажлын байртай болгоно гэсэн тооцоо гарсан. Тус станц жилд 415 мегаватт цахилгаан эрчим хүч, 587 мегаватт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явцад цаашид Засгийн газар бүтээгдэхүүнийг худалдан авах, цахилгаан худалдан авах, нүүрс худалдан авах зэрэг дагалдах гэрээг байгуулах юм байна.
Эх сурвалж: http://bloombergtv.mn
23
2014-06