23
2015-10
УУЛ УУРХАЙН МАШИН, МЕХАНИЗМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЭХЛЭЛ ЭРДЭНЭТЭД ТАВИГДЛАА
2015-10-14
“Эрдэнэт” хотод уул уурхайн машин, механизмын үйлдвэр байгуулах эхлэл тавигдлаа. ХБНГУ-ын “IMK Engineering”, “Гeотек Роштоффе” компани болон “Эрдэнэт” үйлдвэр уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан байна. Уг санамж бичгийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн нэгж болох Засвар механикийн заводад уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг хэсэгчлэн угсарч үйлдвэрлэхээр болжээ. Мөн Монголын болон дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнийг нийлүүлэх, аль ч уул уурхайн үйлдвэрийн техникийн засвар үйлчилгээ үзүүлэх үе шаттай төслийг талууд хэрэгжүүлнэ. Уул уурхайн машин үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Германы “IMK Engineering”-ийн зүгээс уг төсөлд шаардлагатай ноу-хауг нэвтрүүлэх, шинээр гарах бүтээгдэхүүнд олон улсын зах зээлд өрсөлдөх чадварын баталгааг хангана гэж “Эрдэнэт” үйлдвэрээс мэдээллээ. Түүхий эдийн зах зээлийн уналтаас үүдэлтэйгээр “Эрдэнэт” үйлдвэр санхүү, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа ч үүний эсрэг Хаалт, хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн аж. Энэ хүрээнд өнгөрсөн 2 жилийн туршид анхаарлаа хандуулсан уг төслийг хэрэгжүүлэх бодитой нөхцөл уг санамж бичгийг байгуулснаар бүрдсэн гэж “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд онцолж байна. Мөн цаашид шинэ үйлдвэр “Оюу Толгой” компанийн далд уурхайн тоног төхөөрөмжийг нийлүүлэх зорилго тавьжээ.
www.bloombergtv.mn