23
2015-10
“ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА
2015-10-16
“Оюу Толгой” компанийн үйл ажиллагааны III улирлын тайланг “Turquoise Hill Resources” компани танилцууллаа. Тайлант хугацаанд уурхайн олборлолт өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч өссөн боловч хүдрийн агуулга буурсан учир баяжмал дахь алтны агууламж нь ч буурсан байна. Тайлангаас харвал өнгөрсөн II улиралд нийт 24 сая тонн хүдэр олборлож, 210 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Олборлолт нь өмнөх улирлаасаа 2 сая орчим тонноор нэмэгдсэн бол баяжмалын үйлдвэрлэл 5 мянган тонноор буурчээ. Харин баяжмал дахь алтны агуулга 48.5 хувиар буурсан бол зэсийн агууламж 1.3 хувиар нэмэгдсэн байна. Ирэх улирлаас хүдрийн агууламж нэмэгдэж, баяжмал дахь алтны агуулга эргээд сэргэх хандлагатай байгаа ажээ. “Оюу Толгой” компани энэ онд дунджаар 185 мянган тонн зэс, 650 мянган унци алт үйлдвэрлэх хүлээлттэй байгаа юм. Хувь нийлүүлэгчид далд уурхайн асуудлаар зөвшилцөлд хүрсэнтэй холбоотойгоор “Оюу Толгой”-ийн ТЭЗҮ-ийг шинэчилж, бүтээн байгуулалтын хуваарьт өөрчлөлт орсон байна. Одоогоор бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. 100 сая долларыг төлөвлөөд байгаа бэлтгэл ажил ирэх оны I улиралд дуусах хүлээлттэй байгаа гэж “Turquoise Hill Resources”-ээс мэдээллээ. Харин бүтээн байгуулалтад шаардлагатай 4.2 тэрбум долларын зээлийг энэ оны сүүлээр босгож, бүтээн байгуулалт нь ирэх оны дундуур эхлэх тов гараад байгаа юм.
www.bloombergtv.mn