23
2015-10
ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ДҮГНЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ
2015-10-14
Хөрөнгийн биржийн сүүлийн 6 жилийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хорооноос иж бүрэн шалгалт хийж, шалгалтын дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар энэ сарын 13-ны өдөр хуралдсан Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, биржийг Монголын хөрөнгийн зах зээлд өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэхийг дэмжлээ. СЗХ-ны хянан шалгагчид бирж дээр хийгдэж байгаа арилжаа, бүртгэл нь шударга, ил тод, хүнд сурталгүй, зах зээлийг урвуулан ашиглахаас хамгаалагдсан байх үндсэн зарчмууд програмын орчинд болон удирдлага зохион байгуулалтын түвшинд бүрэн хангагдаж чадахгүй байна гэж дүгнэв.
Олон тэрбум төгрөгийн өртөгтэй авсан арилжааны систем нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдогч зах зээлийн арилжаанд тохиромтой сайн програм хэдий ч манай орны нөхцөлд төлбөр тооцооны байгууллага, үнэт цаасны компаниуд зэрэг бусад оролцогчилтой мэдээллээ солилцох модульгүй, анхдагч арилжааны систем учраас шинэ модуль нэмж цогц болгох, Хөрөнгийн биржийн цаашдын бодлого, стратегийн чиглэлээр Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-г дүгнэж, Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулан ЛХБ-тэй яриа хэлэлцээрийг идэвхижүүлэх, өртөг зардлыг богино хугацаанд шийдвэрлэх, гэрээний бодит биелэлтийг УИХ-ын ЭЗБХ-нд танилцуулах зөвлөмжийг Сангийн яаманд хүргүүлэв. Төрийн өмчийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжих бэлтгэлийг богино хугацаанд бүрэн хангаж Биржийн удирдлагыг зөвхөн төрийг төлөөлсөн гишүүд бус бизнесийн эрх ашгийн хувьд биржийг үр ашигтай ажиллуулах сонирхол бүхий төлбөр тооцооны хадгаламжийн байгууллага, арилжаа эрхлэгч байгууллагуудын төлөөлөл, банк, даатгал, үнэт цаасны компаниудын төлөөллөөр нэмэгдүүлж, ирэх 3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ажлыг дэс дараалал ач холбогдлоор нь эрэмблэн бизнес төлөвлөгөөгөө шинэчлэн баталж, шинэ удирдлагын үйл ажиллагааг дэмжин ажиллахыг биржид даалгасан байна.
www.frc.mn