Хөх Цавын цементийн үйлдвэрийн барилгын суурь ажлууд хийгдэж дуусчээ

Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны арилжаанаас босгосон хөрөнгөөс “МАК”-ийн Хөх Цавын цементийн төсөлд санхүүжилт олгох шийдвэр сар орчмын өмнө гараад байгаа билээ. Төслийн санхүүжилттэй холбоотойгоор энэ онд ашиглалтад орохоор төлөвлөж байсан Хөх Цавын цементийн үйлдвэрийн төсөл ирэх оны I улиралд ашиглалтад орж магадгүй байгаа ажээ. Мөн энэ оны III улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байсан үйлдвэрийн дэргэд баригдах шохойн үйлдвэр бага зэрэг хойшилж магадгүй байгаа гэж “МАК”-ийн Хөх Цавын цементийн үйлдвэрээс мэдээллээ. Хөх Цавын цементийн үйлдвэрийн барилгын суурь ажлууд үндсэндээ хийгдэж дууссан ба одоогоор төслийн явц 50 гаруй хувьтай байгаа аж. Хуурай аргын Хөх Цавын цементийн үйлдвэр ашиглалтад орсноор валютын гадагш чиглэсэн урсгалыг жилд 165 сая ам.доллараар бууруулах боломжтой гэж тус компани үзэж байна. Нийт 351.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа Хөх цавын цементийн үйлдвэр жилдээ нэг сая 70 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бол 18.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа шохойн үйлдвэр нь жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх юм байна.