УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬ ИНФЛЯЦИ 7.2 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ ГАРЧЭЭ

2015-10-6 Инфляцийн инерцийг хэмжих зорилгоор Монголбанкнаас тооцдог Улаанбаатар хотын суурь инфляци 2015 оны 8 дугаар сарын байдлаар жилийн 7.2 хувийн өсөлттэй гарч, сүүлийн нэг жилд тасралтгүй буурч байна. Өнгөрсөн оны долдугаар сард жилийн 17.9 хувьд хүрээд байсан суурь инфляци сүүлийн 1 жилийн дотор 10.7 нэгж хувиар буурчээ. 2014 оны эцэст 12.6 хувийн өсөлттэй байсан суурь инфляци он гарсаар эрчимтэй буурч байгаа ч ерөнхий инфляциас дээгүүр тогтсоор байна. Монголбанкны инфляцийн төлөв байдлын зургадугаар сарын тайланд тусгаснаар суурь инфляци ерөнхий инфляциас удаан буурч байгаа нь дараах шалтгаантай гэж үзсэн байна. Тухайлбал суурь инфляцийн тооцоонд ордоггүй мах, сүү, хүнсний ногооноос бусад барааны үнэ I улиралд харьцангуй тогтвортой байсан нь нөлөөлжээ. Үүнээс гадна төгрөгийн ханш сулрах хурд I улиралд 2014 оны сүүлийн гурван улирлаас илүү эрчимжсэн нь импортын болон дотоодын бараа, үйлчилгээний үнийг шууд болон шууд бусаар нэмэгдүүлж байгаатай холбоотой гэж Монголбанк дүгнэсэн байна. www.bloombergtv.mn