ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН КОМПАНИУД НЭГДЭЖ, ХАМТРАН АЖИЛЛАНА

2015-10-2 “Цаст”, “Заг”, “Орчлон” групп, “Гандирс” зэрэг компаниудын санаачилгаар "Монголын бүтээн байгуулалтын түншлэл" буюу “Mongolian Development Partnership” (MDP) компанийг үүсгэн байгууллаа. Дотооддоо төдийгүй гадаадад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, урт хугацаанд гарцын стратегийг бий болгох хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулж, түүнийг мэргэжлийн удирдлагаар хангах зорилгоор тус компанийг байгуулсан байна. “Mongolian Development Partnership”-ийг байгуулсан компаниуд нь Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт нийт 623 мянга 979 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьж, ашиглалтад оруулжээ. “Хамтарсан компанийг үүсгэн байгуулснаар үл хөдлөх хөрөнгийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, удирдлагаар хангах чиглэлд хуримтлуулсан олон жилийн туршлагаа нэгтгэж, Монголдоо төдийгүй гадаад зах зээлд “Сервис экспортлох” боломжийг эрэлхийлж эхлээд байгаа гэж “Mongolian Development Partnership” компанийн ТУЗ-ийн удирдлагууд мэдэгдэлдээ онцолсон байна. www.bloombergtv.mn