08
2015-10
ЭРЧИМ ХҮЧНИЙ КОМПАНИУДЫН ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭ ОЛОН УЛСЫН ДУНДЖААС 2 ДАХИН БАГА ГАРЧЭЭ
2015-10-2
Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын дундаж үнэлгээ Хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТОП 20” компани, Төрийн өмчит уул уурхайн компаниудынхаас өндөр гарсан ч олон улсын дунджаас 2 дахин бага байгаа болохыг Нээлттэй Нийгэм форумаас мэдээллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сараас энэ оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд хийгдсэн энэхүү судалгаанд эрчим хүчний салбарын Төрийн өмчит 13 компани хамрагджээ. Эдгээр компанийн засаглалын үнэлгээг хувьцаа эзэмшигчийн эрхийн хэрэгжилт, ТУЗ, гүйцэтгэх удирдлага, хяналтын тогтолцоо зэрэг 9 чиглэлээр тогтоосон байна. Үүгээр ДЦС 2, 3, 4 тэргүүтэй 13 компанийн засаглалын дундаж үнэлгээ 100 онооноос 36 гэж үнэлэгджээ. Энэ нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТОП 20” компани, Төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээнээс 8 оноогоор өндөр байгаа юм. Хэдий тийм боловч Монголын Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээ Филиппин, Хонгконг, Тайландынхаас бараг хоёр дахин бага байна. Учир нь мэдээллийн ил тод байдал, их хэмжээний хэлцэл, сонирхолын зөрчилтэй хэлцэл зэрэг чухал хэлцэлүүд хангалтгүй байсан нь засаглалын үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн байна.
www.bloombergtv.mn