30
2014-06
"Southgobi Resources" компани Хонгконгийн Үнэт цаасны хороонд хүсэлт гаргав
Овооттолгойн ордод олборлолт хийж байгаа "Southgobi Resources" компани хяналтын хувьцааны арилжаа болон нэгдэн нийлэх үйл явц зэрэгт нээлттэй хувьцаат компанийн хувиар оролцохгүй байх нөхцөлтэйгээр Хонгконгийн Хөрөнгийн биржид 2010 онд бүртгүүлж байжээ. Тус компани саяхан энэхүү нөхцөлөө баталгаажуулахаар Хонгконгийн Үнэт цаас, фьючерсийн хороонд хүсэлт гаргасан байна. Энэ нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах болон үнэт цаасны төлбөрөө хугацаанд нь төлөхөд шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэр хайж байгаатай нь холбоотой гэж тус компаниас мэдээлжээ. Торонто, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Southgobi Resources" компанийн хувьцааны 56 хувийг Торонто, Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill Resources" компани эзэмшдэг. Харин "Turquoise Hill Resources"-ийн хувьцааны 50.8 хувийг "Rio Tinto" эзэмшиж байгаа юм. Хамгийн сүүлд "Southgobi Resources"-оос гаргасан мэдээлэлд дурдсанаар тус компанийн хувьцааг худалдахтай холбоотой шийдвэр энэ сарын 30-нд гарч магадгүй байна.