35 компани “Алтны салбарын санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт гаргажээ 


Монполимет, Мондулаан тэргүүтэй алт олборлогч 35 компани “Алтны салбарын санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдахаар арилжааны банкуудад хүсэлт гаргасан гэж Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо мэдээллээ. Тэдний хувьд банкуудаас тавьж байгаа шаардлагын дагуу уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй гэдгээ баталгаажуулсан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах юм. Монгол Улс 2014 онд нийт 30 гаруй тонн алт олборлохоор төлөвлөж байгаагаас 11 орчим тонныг нь “Санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах компаниуд олборлох ёстой гэж үзэж байгаа аж. Энэ тохиолдолд компаниудад 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр 200 тэрбум төгрөг олгох боломжтой гэж Уул уурхайн яам мэдээлсэн. Хэдийгээр санхүүжилтэд хамрагдсан компаниудын нэрсийг зарлах хугацаа тодорхойгүй байгаа ч зээлийг арилжааны банкны зээлийн журмаар зохион байгуулж байгаа юм байна.