Э.Уранбилэг: Улсын тэтгэврийн сангийн сул талыг нөхнө.

IMG_5034 “Ард Актив”-ын гүйцэтгэх захирал Э.Уранбилэгтэй ярилцлаа.

Юуны түрүүнд та байгууллагынхаа талаар товч танилцуулаач?
“Ард Актив” нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг дагнан эрхэлж буй, хамт олны хувьд салбартаа анхдагч болох “Монголын Тэтгэврийн Нэрийн Данс” (МТНД) ХХК-ийг үүсгэн байгуулж, таван жилийн туршид 1700 гаруй ажилчдын тэтгэврийн сангийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж байсан, 2012 онд 1.7 тэрбум төгрөгийн ашигтайгаар тэтгэврийн хадгаламжийг эргүүлэн олгож байсан туршлагатай байгууллага. Бид “Хувийн Тэтгэврийн Сан”–гийн үйл ажиллагааг өргөжүүлэн, жигдрүүлэх, дэлхийн жишигт нийцсэн тогтолцоог эх орондоо уялдуулан нутагшуулах зорилго тавин ажиллаж байна.

Сүүлийн үед хувь хүмүүс болон бизнесийн байгууллагууд хувийн тэтгэврийн сангийн талаар сонирхох болсон. Тиймээс та үүний талаар тодорхой мэдээлэл өгөөч?
Хувийн тэтгэврийн сан нь иргэд болоод ажилчдыг нэмэлт орлого, тэтгэврээр хангаж, хэвийн амьдрах баталгааг олгодог нэг төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн юм. Өөрөөр, үүнийг улсын тэтгэврийн сангийн бодлого, тогтолцооны сул талыг нөхөхөөр гарч ирсэн үйлчилгээ гэж ойлгож болно. Хувийн тэтгэврийн санд хамрагдсан ажилчин бүр тэтгэврийн нэрийн данстай байх болмж юм. Тус дансанд сар бүр ажилчин, ажил олгогч хоёр ижил хэмжээний мөнгө хийн хуримтлуулж, энэхүү хуримтлалыг “Хувийн тэтгэврийн сан” ажилчны өмнөөс өсгөж, гэрээт хугацаа дууссаны дараа тухайн нэрийн дансанд хуримтлагдсан мөнгийг ажилтанд эргүүлэн олгох зарчмаар ажилладаг. Манай улсын хувьд энэ нь харьцангуй шинэ бүтээгдэхүүн хэдий ч бусад хөгжингүй болон хөгжиж буй оронд хувийн тэтгэврийн санг өөрсдийн улсын онцлогт тохируулан хөгжүүлж, үр ашгийг нь хүртсээр ирсэн. Тухайлбал, Швед, Норвеги, Австрали, Голланд зэрэг улсын ажиллагсдын 90 хувь, Герман, АНУ зэрэг орны ажиллагсдын 50 гаруй хувь нь хувийн тэтгэврийн санд хамрагдсан байдаг.

Улсын тэтгэврийн сангийн сул талыг нөхөх гэдэг дээр та нэмэлт тайлбар өгөөч?
Тэтгэврийн нэрийн дансанд ажил олгогч болон ажилчин гээд хоёр талаас нийлэн хуримтлал үүсгэж байгаа ч тухайн хуримтлал нь бүхэлдээ ажилтны хувийн өмч байдаг. Өөрөөр хэлбэл, ажилтан хугацааны эцэст тухайн мөнгийг ганцаар захиран зарцуулах бүрэн эрхтэй. Тиймээс өөрийн нэрийн данс дээрх хуримтлалын тодорхой хувийг ашиглаж байгаад тухайн хүн нас барахад үлдсэн мөнгөө өөрийн үр хүүхэд, хань, гэр бүлдээ өвлүүлэн үлдээх боломжтойгоороо улсын тэтгэврийн сангийн дутагдалтай талыг нөхөж байгаа юм. Үүнээс гадна тухайн хуримтлалаа сар бүр тодорхой хэмжээгээр хэрэглэлгүйгээр нэг дор бүх мөнгөө авах боломжийг ч олгодог.

Ер нь арилжааны банкуудын хугацаатай хадгаламжийн үйлчилгээтэй ижил зарчмаар ажилладаг гэж ойлголоо?
Хуримтлал татаж, тухайн мөнгийг хадгалуулагчийн өмнөөс өсгөж өгдгөөрөө ижил ч хувийн тэтгэврийн сан илүү өндөр өсөлт амладаг. Энэ нь ажил олгогч байгууллагатай тохиролцсоны дүнд ажилтны данс руу нэмэлт хуримтлал татдагтай холбоотой. Ажилтны зүгээс харах юм бол хуримтлал үүсгэсэн эхний сардаа л өөрийнхөө мөнгийг нэг дахин нэмэгдүүлчихэж байгаа юм. Тухайлбал, би энэ сард нэрийн дансандаа 10 мянган төгрөг хийхэд миний ажилладаг байгууллагаас мөн ийм хэмжээний мөнгийг миний нэрийн данс руу шилжүүлж нийт 20 мянган төгрөгтэй болно. Мөн үүн дээр сар бүрхүүгийн орлого нэмэгдэж бодогдоно. Тэгэхээр тухайн ажилтанд тун ашигтай хадгаламж гэсэн үг.

Тэгвэл ажил олгогч байгууллагуудад энэхүү үйлчилгээг сонгосноор ямар нэг давуу тал бий болох уу? Бизнесийн байгууллагууд давхар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг шүү дээ.
Хувийн тэтгэврийн санг байгууллагадаа нэвтрүүлснээр ажилчдынхаа ирээдүйг харсан, хүний нөөцийн урамшууллын системээ дэмжиж буй нэг хэлбэр. Энэ нь хүний нөөцийн бодлого, системдээ ихээхэн анхаарах шаардлагатай болсон өнөө үед том давуу талыг байгууллагуудад бий болгоно. Мөн хуримтлалын тодорхой хэмжээг байгууллагаас төлж байгаа учир тухайн ажилтан хуримтлал үүсгэснээс хойш хэр урт хугацаанд ажилласныг харгалзан үзээд байгууллагын төлсөн мөнгөний хэдэн хувийг тухайн ажилтанд олгохыг тохиролцож болдог. Ингэснээр тухайн байгууллагын ажилчид тогтвор суурьшилтай ажиллах нэгэн шалтгаан болж, тогтвортой ажилчдын тоо нэмэгддэг. Бас нэгэн давуу тал нь хувийн тэтгэврийн сан тухайн байгууллагад найдвартай эрсдэлийн санг бий болгодог. Тухайлбал, ажилтан байгууллагад хохирол учруулчихаад ажлаасаа гарсан нөхцөлд тухайн хохирлыг ажилчны хуримтлалаас суутган авах боломжтой. Эдгээрээс гадна тэтгэврийн санд хамрагдсан байгууллага нэмэлт санхүүгийн эх үүсвэртэй болж, тухайн тэтгэврийн санг удирдаж буй санхүүгийн байгууллагаас зээл авах боломж нээгддэг зэрэг давуу тал бий.

Цаашид энэхүү санхүүгийн бүтээгдэхүүний зах зээл хэр өргөжих бол. Бусад улс оронд үүнийг амжилттай хэрэгжүүлсэн шиг бид эх орондоо хувийн тэтгэврийн санг нутагшуулж чадах болов уу. Энэ талаар та юу гэж бодож байна?
Мэдээж боломжтой. Өмнө таны дурьдсанчлан ажилчид болоод хувь хүмүүс үүнийг ихээр сонирхох болсон. Өөрөөр хэлбэл, зах зээлд энэхүү бүтээгдэхүүний эрэлт байна гэсэн үг. Гол нь үүнийг ахисан түвшинд нэвтрүүлэхэд үйл ажиллагааг дэмжсэн хууль эрх зүйн бодлого, орчин хэрэгтэй. 2015 онд Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль батлагдахаар хэлэлцэгдэж байна. Энэхүү хууль батлагдсанаар “Тэтгэврийн Нэрийн Данс”–ыг хөгжүүлэх үйл ажиллагаа шинэ түвшинд гарна гэсэн хүлээлттэй байна.