17
2015-09
УЛААНБААТАР ХОТЫН СУУРЬ ИНФЛЯЦИ 7.2 ХУВЬТАЙ ГАРЛАА
2015-9-14
8 дугаар сард инфляцийн өсөлтийн хурд саарч, Улаанбаатар хотод суурь инфляцийн түвшин 7.2 хувиар хэмжигдэж байсан талаар Монголбанкнаас мэдээллээ. Үнийн хэлбэлзэл ихтэй бараа, бүтээгдэхүүнийг хасч тооцдог Улаанбаатар хотын суурь инфляци 2014 оны мөн үед 15.6 хувиар хэмжигдэж байсан бол 2015 онд ийнхүү 2 дахин буурчээ. Харин сараар нь тооцсон инфляци Улаанбаатар хотод 0.1 хувьтай, оны эхнээс 2.8 хувиар, жилийн 5.9 хувиар хэмжигдэж байна. Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харахад жилийн 5.9 хувийн өсөлтийн 23.6 хувийг нь боловсролын үйлчилгээний үнийн өсөлт бүрдүүлсэн бол орон сууц, ус цахилгаан түлшний бүлгийн үнэ 12.7 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл жилийн инфляцийн түвшин буурсан боловч улирлын шалтгаантай нөхцөл байдал давамгайлсан хэвээр байна. 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөр 5-40 хувиар, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр 5-20 хувиар нэмэгдээд байгаа юм. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод 8 дугаар сард зарим бүлгийн бараа, үйлчилгээний үнэ өссөн боловч мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны үнэ ханш нэлээд буурсан болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Багцлаад харвал 329 нэрийн бараа, үйлчилгээний 14.6 хувийнх нь үнэ өссөн бол 7.9 хувийнх нь буурч, 77.5 хувийнх нь үнэ тогтвортой байсан байна.
www.bloombergtv.mn