17
2015-09
"XANADU MINES" 1.4 САЯ АВСТРАЛИ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ
2015-9-14
Зэс, алтны чиглэлд хайгуул явуулдаг "Xanadu Mines" компани энэ оны эхний хагаст 1.4 сая австрали долларын алдагдалтай ажилласан байна. Энэ нь оны өнгөрсөн мөн үеэс 500 мянган австрали доллараар буурсан дүн болжээ. Тус компани тайлант хугацаанд 1.6 сая австрали долларыг Хармагтай ордын хайгуулын ажилд зарцуулсан байна. Цаашид Хармагтайн хайгуул үргэлжлэх төдийгүй"Оюут Улаан" талбайн хайгуулыг эцэслэн дүгнэх хүлээлттэй байгаа юм. Эхний ээлжийн хайгуулаар Хармагтай орд тонн тутамдаа 0.33 грамм алт, 0.34 хувийн зэсийн агуулгатай 200 гаруй сая тонн хүдрийн нөөцтэй буюу Цагаан Суваргын араас орох том зэсийн ордод тооцогдож байгаа ажээ. "Xanadu Mines"-ийн зүгээс ордын нөөц нэмэлт хайгуулаар нэмэгдэх магадлал өндөр болохыг онцолж байгаа юм. Өнгөрсөн оны эхэнд дээрх компани "Mongol Metals" компанитай хамтран Хармагтай төслийн 90 хувийг "Turquoise Hill Resources" компаниас 14 сая доллараар худалдан авахаар болжээ. Одоогоор түншлэл төлбөрийн дийлэнхийг барагдуулаад байгаа ч ирэх оны 6 дугаар сард үлдэгдэл 3.8 сая долларыг төлөх шаардлагатай байгаа аж. "Xanadu Mines"-ийн зүгээс худалдан авалт болон хайгуулын зардлыг гаргаснаар төслийн дийлэнх хувийг буюу 76.5 хувийг эзэмших эрхтэй юм. Тиймээс төсөлд шаардлагатай нэмэлт хөрөнгийг босгохоор ажиллаж байгаа талаараа тайландаа мэдээлжээ.
www.bloombergtv.mn