ОЛОН УЛСЫН БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД САЙНШАНДЫН САЛХИН ПАРКТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

2015-9-8 Салхины эрчим хүчний 2 дахь томоохон төсөл болох Сайншандын Салхин паркт хөрөнгө оруулах сонирхолтой Олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. Тухайлбал “European Investment Bank”, Германы “Nord LB”, Данийн “ETF” зэрэг банк, санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцох ажээ. Сайншандын Салхин паркийн төсөл нь 120 сая долларын санхүүжилт шаардлагатайгаас 70 хувийг зээлийн хөрөнгөөр, 30 хувийг төсөл хэрэгжүүлэгч “Ферростаал Индастриал Прожектс” компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. "Сайншанд Салхин парк" компанийн мэдээлснээр хөрөнгө оруулагчидтай эцэслэн тохирсоноор төслийн барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх боломжтой болох ажээ. www.bloombergtv.mn