ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

Ирак болон Ойрх дорнодод үүсээд буй үймээн, самууны асуудал хурцадсан нь дэлхийн санхүүгийн зах зээл дээрх эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Үүний улмаас өнгөрсөн 7 хоногт хөрөнгийн биржүүд дээр хувьцааны ханшууд савалгаа ихтэй байсан бол Европын хөрөнгийн зах зээл илүү уналттай байлаа. Хөрөнгө оруулагчдын хувьд АНУ-ын болон Германы Засгийн газрын бондуудыг эрсдэл багатайд тооцож, худалдан авалтаа нэмэгдүүлснээр, тус бондуудын хүү буурсан байна.
Түүхий эдийн үнэ мөн адил хэлбэлзэлтэй байсан хэдий ч Иракын газрын тосны экспортын үйлдвэрүүд мөргөлдөөний явцад бага эрсдэл хүлээсэн талаар мэдээлэлттэй холбоотойгоор нефтийн үнэ тогтвортой байлаа. Дэлхийн банк АНУ-ын эдийн засгийн өсөлтийг 2.9% болгон бууруулж, өсөлтийн төлвийг бууруулсан хэдий ч тус улсын эдийн засгийн өсөлт эрчимтэй сайжирч буй хэвээр байна. Хэрэглэгчийн итгэлийн индекс 6-р сард сүүлийн 6 жилийн хамгийн дээд цэгтээ хүрсэн бол орон сууцны борлуулалт 5 сард сэргэлттэй байсан билээ.
Японы ажилгүйдлийн түвшин 3.5% хүрч сүүлийн 16 жилийн байгаагүй хамгийн бага хэмжээндээ очиж, Хятад, Японы аж үйлдвэрлэл сэргэж байгаа үзүүлэлттэй байгаа бол Евро бүсийн хувьд үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ 6-р сард огцом буурсан байна.
Евро бүсийн хувьд удаан үргэлжилсэн хямралын нөхцөл байдлаас шалтгаалан 5-р сард PMI индекс 53.5 байсан бол 6-р сард 52.8 болж дахин буурсан байна.
Өнгөрсөн 7 хоногт S&P500 индекс 0.1%-аар, DJIA 0.6%-аар тус тус буурсан бол технологийн компаниуд давамгамгайлсан Nasdaq индекс 0.7%-аар өссөн байна.