03
2015-09
ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ААН-ҮҮД МҮХАҮТ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2015-8-31
Шингэрүүлсэн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд татварын таатай орчин бүрдүүлэх, норм стандартуудыг боловсронгуй болгох чиглэлээр МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэд хэдэн чиглэлээр ажлууд хийгдэх юм байна. Монгол Улс 2000-аад оны үед ОХУ-аас шууд орчуулан авч баталсан шингэрүүлсэн хийн хэрэглээний талаарх 5 норм дүрэм байгаа ч хэт хоцрогдсон, бие даасан хууль байхгүй, Төрөөс баримтлахбодлогогүй байгааг бизнес эрхлэгчид онцолж байна. Энэ нь нэг талаас осол, эрсдэл үүсэх шалтгаан болдог гэж салбарынхан үзэж байна. Тиймээс хамтын ажиллагааны хүрээнд эдгээр асуудалд анхаарлаа хандуулах юм. Монгол Улсад 4-5 компани ОХУ-аас хийн түлш импортолж байгаа бол ахуйн хэрэглээний хийг 3-4 компани нийлүүлдэг. Шингэрүүлсэн хийн чиглэлээр шинээр үйл ажиллагаа эхлүүлэхэд бөөний эсвэл жижиглэнгийн мөн үйлдвэрлэлийн зориулалттай тусгай зөвшөөрөл авах шаардлагатай байдаг аж. Хэдийгээр дотоодын хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа ч компаниуд эдийн засгийн мөчлөгийн үед үйл ажиллагаа тогтвортой явуулахад татварын бодлогоор дэмжихийг хүсч байгаагаа илэрхийллээ. Зөвхөн автогаз нийлүүлэлтийг харвал компаниудын хөрөнгө оруулалт нэмэгдэж, 20 орчмоор тоологдож байсан газын колонк 50-д хүрсэн байна.
www.bloombergtv.mn