ЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ АШИГЛАСНААР ТӨСӨВТ 3.4 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ. 2014-07-03

УИХ-ын чуулганаар “МАК” компанийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа Цагаан суваргын ордод төрийн оролцоо 0 хувь байхаар батлалсан. Цагаан суваргын орд нь стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан учир төр 34 хүртэлх хувийг эзэмшихийн тулд хөрөнгө оруулахаар тогтоолын төсөлд анх тусгасан байжээ. Харин эцсийн хувилбараар “МАК” компани Цагаан суваргын ордын төслийг дангаараа хэрэгжүүлэх болж байна. Ордын ашиглалттай холбоотойгоор 1997 оны ашигт малтмалын тухай хуулийн дагуу төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын 15 сая төгрөгийн зардлыг “МАК” компани улсад төлсөн гэдгээ мэдээлсэн юм. Цагаан суваргын ордыг ашиглахад нэг тэрбум 31 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 30 хувийг нь “МАК” компани гаргаад байгаа юм. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банктай 450 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулаад байгаа ажээ. Харин 1980-аад онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байсан боловч нөөц нь батлагдаагүй байсан байна. Тэгвэл тус компани Цагаан суваргын ордын нөөцийг дахин баталгаажуулж, 18 жилийн ашиглалтын настай болохыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулжээ. Төсөл цаашид хэрэгжих хугацаанд улсын төсөвт нийт 3.4 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлэх тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл жилд 180 сая ам.долларын татвар, хураамжийг улсын төсөвт төлнө гэж “МАК” компани мэдээллээ гэж Блүүмбэрг ТВ Монголиагаас мэдээлсэн байна.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn