Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан нь энэ салбар дахь хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлсэн гэж Уул, уурхайн яам дүгнэлээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэхүү салбарын хууль эрх зүйн орчныг тодорхой болгох олон заалтыг багтаасан юм. Тухайлбал ус ашигласны төлбөр хэд байхыг тодорхой зааж өгснөөс гадна өртөг нөхөгдөх зардал 40 хүртэлх хувь байхаар тусгаж өгсөн байна. Өмнө нь Засгийн газрын журмаар зохицуулагддаг байсан олон заалтуудыг хуульчилж өгснөөр хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй, тодорхой орчин нөхцөл бий болгож байгаа гэдгийг Уул, уурхайн яамнаас онцоллоо. Газрын тосны тухай шинэ хуульд шатдаг занар, метан хий зэрэг уламжлалт бус ашигт малтмалыг тухайн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь шууд ашиглах заалтыг тусгажээ. Мөн хөрөнгө оруулагчид газрын тосны хайгуулын эхний шат буюу геофизик, геохимийн судалгааг хийхдээ тусгай зөвшөөрөл эзэмших шаардлагагүйгээр гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллах бололцоотой болж байна. Түүнчлэн өмнөх хууль хэрэгжиж байх үед бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудад шинэ хуулийн өөрчлөлт хамааралгүй байхаар болсон гэдгийг Уул, уурхайн яамнаас онцоллоо гэж Блүүмбэрг ТВ Монголиагаас мэдээлсэн байна.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn
08
2014-07