“ШАРЫН ГОЛ” ХК-ИЙН АЛДАГДАЛ 373 ДАХИН БУУРЛАА

2015-7-24 Нүүрсний олборлох болон баяжуулах үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа “Шарын гол” ХК-ийн (SHG:MSE) алдагдал 373 дахин буурсан байна. Өнгөрсөн улиралд тус компани 12.6 сая төгрөгийн алдагдалтай ажилласан, харин 2014 оны мөн үед 4.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан юм. Тус компани өнгөрсөн сард Шарын гол суманд байрлах өөрийн олборлолт явуулж буй уурхайн дэргэд жилд 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Компани нүүрсээ баяжуулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зах зээлд борлуулснаар ашиг өсөх, цаашлаад оны эцэс гэхэд алдагдалгүй ажиллах боломж байгааг тайлангаас харж болохоор байна. “Шарын гол” ХК энэ оны 2-р улиралд 12.3 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 8.3 тэрбум төгрөгийн орлого олж байсантай харьцуулахад бараг 50 хувь өссөн үзүүлэлт юм. Баяжуулах үйлдвэр нээлтээ хийх гэж байгаатай зэрэгцээд хувьцааны ханш нь 5-р сарын сүүлээс эхлэн огцом чангарсан. 4-р сард 3600 төгрөг орчимд буугаад байсан Шарын голын хувьцааны ханш үүнээс хойш бараг 2 дахин өсч 6300 орчим төгрөгт хүрээд байна. www.bloombergtv.mn