“МОГОЙН ГОЛ” ХК ӨНГӨРСӨН УЛИРАЛД 15.5 САЯ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА

2015.7.20 Чулуун болон хүрэн нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Могойн Гол” ХК (BDL:MSE) өнгөрсөн улиралд хугацаанд нийт 560.4 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Харин борлуулсан бүтээгдэхүүний өртөг нь 467.7 сая төгрөгт хүрснээр компанийн цэвэр ашиг 15.5 сая төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт бага зэрэг нэмэгдсэнээс гадна цэвэр алдагдал хүлээж байсантай нь харьцуулахад компанийн ашигт ажиллагаа бага зэрэг сайжирсан дүн болж байгаа юм. 2014 онд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд уналтаараа тэргүүлсэн хувьцааны жагсаалтад багтаж байсан “Могойн Гол” ХК хамгийн сүүлд 2012 онд нэгж хувьцаанд 5 төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчиддээ тарааж байсан. Хувьцааны ханш нь хамгийн өндөр цэгтээ 15 мянган төгрөгт хүрч байсан бол хамгийн сүүлд 7950 төгрөг дээр арилжсан байна. Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг тус компани нь МХБ-д бүртгэлтэй нүүрс олборлогч компаниуд дундаа харьцангуй жижигт тооцогддог, одоогоор зөвхөн орон нутгийнхаа эрчим хүчний нүүрсний хэрэглээг хангадаг юм. www.bloombergtv.mn