22
2015-07
“АПУ” ХК ӨНГӨРСӨН УЛИРАЛД АЛДАГДЛАА АШИГ БОЛГОЖ ЧАДЖЭЭ
2015.7.21
Зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч “АПУ” ХК (APU:MSE) энэ оны 2-р улиралд өнгөрсөн оны 14.1 тэрбум төгрөгийн алдагдлаа ашгийн түвшинд шилжүүлж чадлаа. Тайланд тусгаснаар тус компани өнгөрсөн улиралд нийт 5.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
“АПУ”-ын хувьцааны ханш 6-р сарын дунд үед огцом өсч, нэгж нь 3999 төгрөг буюу энэ оны дээд цэгтээ хүрч байсан.
Хамгийн сүүлийн хаалтын ханшаар мөн л өсөлттэй тогтож байна. Голлох санхүүгийн харьцаа үзүүлэлтүүдийг харвал нэгж хувьцааны өгөөж 78.7 төгрөг, үнэ ашгийн харьцаа 46.4 төгрөг дээр тогтож байна. Тус компани хамгийн сүүлд 2014 онд нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тарааж байсан юм.
Энэ оны 2-р улирлын байдлаар борлуулалтын орлогын дүнгээр өмнөх оны мөн үеэс дээгүүр үзүүлэлттэй байгаа нь борлуулалтаа нэмэгдүүлж чадсаныг харуулж байна. Шингэн хүнсний зах зээлд тэргүүлэгч “APU” буюу “АПУ” ХК энэ онд төсөвт төвлөрүүлсэн татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргээр тооцдог ТОП 100 аж ахуй нэгжийн нэгээр шалгараад байгаа.
Сүүлийн 5 жилд нийт 554 тэрбум төгрөгийн татвар төлж, 150 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг дангаараа хийж гүйцэтгэн, 2009-2013 оны тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараасан гэж компани мэдээлж байна.
Санхүүгийн тайлангаас харахад “АПУ” компани энэ жил өр төлбөрийн хэмжээг бууруулж чадсаны хэрээр нийт хөрөнгийн хэмжээг 65 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чаджээ.
www.bloombergtv.mn